Friday, April 23, 2010

. Бум-Эрдэнэ: Энэ чинь бидний л эх орон, элгэн садан шүү дээ

Бага залуу насны гэгээн дурсамж, хайр сэтгэл, учрал хагацал, уярал ухаарал шингэсэн уран нарийн мэдрэмжтэй олон арван өгүүллэг тууж бичиж өөрийн гэсэн өвөрмөц өнгө аясаараа уншигчдын талархал хүлээсэн залуу зохиолч, уран бүтээлч бол Т. Бум-Эрдэнэ билээ. Тэрбээр Чикаго хотноо ажиллаж амьдарч байгаад нутаг буцсанаас хойш нэлээд хугацаа өнгөрчээ. Америкийн монголчууд түүний зохиол бүтээлийг хувийн блог http://bumerdene.blogspot.com дээрээс үргэлжлүүлэн уншсаар байгаа хэдий ч эх орондоо буцаж очоод эрхлэн хийж байгаа ажил амьдралынх нь талаар сонирхож буй нь дамжиггүй. Саяхан Бум-Эрдэнэтэй интернэтэд тааралдаад мэнд мэдэхийн зуур ажил төрөл, амьдрал ахуй, улс орны өнөөгийн байдал, уран бүтээлийнх нь талаар сонирхон шалгааж ийнхүү ярилцлаа.
Сайн сууж байна уу, Монголдоо буцаж очоод жил хагас хэртэй болчихов уу даа, Улаанбаатарт анх буугаад төрж байсан сэтгэгдэлээсээ манай уншигчидтай хуваалцахгүй юу?Сайн, сайн байна уу? Монголдоо ирээд жил хагас ч арай биш ээ. Хагас жил гаран л болж байна. Ноднин наадмын өмнөхөн ирсэн. Эцэг эх ах дүү нар бүгд л онгоцны буудал дээр уйлах нь уйлж, инээх нь инээсээр угтсан. Бодвол санацгаасан байлгүй дээ. Би ч гэсэн зүгээр ч байгаагүй ээ хэ хэ. Анх буухад төрсөн сэтгэгдэл гэвэл үгээр зүйрлэхэд хэцүү юм даа. Эх орон руугаа буцаж байгаа тул очин очитлоо сэтгэл зүйн бэлтгэлтэй байсан ч хүн гэдэг ч хүсэн хүлээсэнтэйгээ нүүр тулах ямархан билээ, тийм л байлаа. Юуны урьдаар тийм нэг сэвэлзсэн, задгай салхи юу юунаас илүүтэй мэдрэгдсэн гэх үү дээ. Гаднаасаа бол илүүлээд байгаа юм шиг хэрнээ дотор сэтгэлд минь “зэмлээд байна уу даа” гэмээр сэтгэгдэл төрж байсан гэвэл хэтрүүлэг болохгүй байхаа. Том улс, том хотуудын нисэх буудлаар дамжин ирсэн надад ганц замтай, ганц онгоцтой манай онгоцны буудал жаахан харагдах нь тодорхой ч сэтгэл зүрхний гүнд оршсон эх орон гэдэг юутай ч зүйрлэшгүй юм билээ л дээ.

Гадагшаа, дотогшоо ирж, очиход төвөг багатай болсон өнөө үед “Энэ одоо юун ч сүртэй юм дээ” гэж бодох нэгэн байж магад. Гэхдээ та нар минь ч гэсэн хэзээ нэгэн цагт эх орондоо ирэх үед үүнээс ч сайхан сэтгэгдэл төрнөө гэдэгт би эргэлзэхгүй байна. Яагаад гэвэл аливаа бүхнийг цаг хугацаа гээч нь улам бүр үнэ оруулж байдаг юм хойно доо.

Ард зоны маань амьдрал ахуй урaгшилж байна, уруудаж байна гээд янз янзаар л ярьж бичиж байгаа, бодит амьдрал дунд орж хутгалдаад явж байхад ямар бодол төрж байна вэ?

Би нэг их судлаач, шүүмжлэгч, аль эсвэл аливаа асуудал хөндөн тавигч биш шүү дээ. Зүгээр л гадаадад амьдарч байгаад ирсэн зон олны нэг. Гэхдээ байхгүй байж байгаад ирсэн хүний хувьд шинэ сонин юм байлгүй л яахав. Би яагаад ч юм эх орныхоо тухай, өөрийнхөө үзэж харж, бас мэдэрч буй бүхнээ дандаа гэрэл гэгээтэй талаас нь яримаар санагдаад байх юм. Өөр бусдаар бол хэвлэл мэдээллээр гарч байгаа янз бүрийн мэдээллийг ялангуяа манай гадаадад амьдарч буй иргэд маань маш шуурхай авч байгаа болохоор дахин дахин давтмааргүй байна л даа.

Энд ирээд нэг ажигласан юм гэвэл нийт монголчууд маань (Лав надтай уулзаж, учирсан найз нөхөд, танилууд маань) ерөөсөө амьдралын төлөө, амьдрахын төлөөнөө бүр үнэнхүү сэтгэл зүрхнээсээ тэмүүлдэг болж. Гэхдээ хүрээ хүрээндээ шүү дээ. Яаж мөнгө өсгөх вэ гэсэн нэг хэсэг байна. Яаж ажил амьдарлаа зохицуулах вэ гэсэн нөгөө хэсэг байхад яаж хүнд тус болох вэ, яавал энэ нийгэмдээ байг гэхэд ирээдүй, залуусдаа тус дэмтэй юм хийчих вэ гэсэн бүүр өөр хэсгийн хүмүүстэй ч таарч л явна. Ерөнхий дүнгээрээ бол монгол орон маань, энэ нийгэм маань ид бужигнаж, буцалж байх шив дээ. Энэ л надад их сайхан санагдаад байна гэхүү дээ. Бидний төсөөлж байсан шиг “өнөөдөр биш бол маргааш” гэсэн тайван налгар байдал, соц үеийнх шиг идэвхгүй, үлбэгэр, сулбагар үе аль хэдийн үеэ өнгөрөөжээ. Ийм л үед гадаадад явж юм сурч мэдсэнийхээ хэргийг гаргавал сайн байна даа залуучууд минь. Уруудах өгсөхийн хувьд гэвэл салбар болгон харилцан адилгүй ойлголт юм даа. Мэдээж алдаатай, оноотой зүйлс олон байвч ерөнхий дүнгээрээ урагшилж байгаа шинж байнаа.
Америкаас буцахдаа монголдоо хийхээр бодож төлөвлөсөн юм зөндөө л байсан байх, очоод эхлүүлсэн хэрэгжүүлсэн зүйл юу байна. Одоо ямар ажил төрөл эрхлэж байна, нууц биш бол байнгын орлогын эх үүсвэртэй болж чадсан уу?
Одоогоор “Глобал электроникс” ХХК-д борлуулагчийн менежер гэдэг ажил хийж байна. Энэ компани нь Японы Панасоник корпарацийн албан ёсны дистрибютер байгууллага юм байна. Арван жилийн түүхтэй, яг энэ цахилгаан барааны салбараа нээгээд гурван жил болсон дэлхийд данстай Панасоник хэмээх нэгэн брэндийг монголынхоо ард түмэнд хүргэх, нэг үгээр хэлвэл монголдоо нутагшуулах гэж зорьж буй залуус байна. Ер нь гадны том том брэндүүд, корпорацууд Монголд салбараа нээх гэж зорьж буй нь илт мэдрэгдэж зарим нь бүүр нээж эхлээд байна. Яагаад гэвэл Монгол маань дэлхийн эдийн засгийн анхаарлын төвд сүүлийн үед их хүчтэй орж ирж байна. Тийм болохоор хэдийгээр зах зээл багатай ч гэсэн дэлхийд данстай бизнесийн байгууллагууд ямар ч гэсэн нэг салбараа нээж, нэр хаягаа зүүж, өөрсдийгөө ямар нэгэн байдлаар харуулахыг оролдож байна. Өөрөөр хэлвэл нэрийн хуудсаа нэг хүнд өгдөгтэй л төстэй юм даа. Залуусын дунд орж ажиллаж байгаагийн хувьд өнөөгийн залуусын тухай нилээд өргөн мэдлэгтэй болж байна даа. Манай өрөөнд суудаг залуус, охид гэхэд хоёроос дээш хэлгүй хүн алга. Компьютерийн хэрэглээг нилээд хэдэн программ дээр чөлөөтэй эзэмшсэн байна. Мөн тэдний сэтгэлгээ ихэд задарсан нь харагдаж байна. Ямар сайндаа би хүүхдүүддээ “Ганц Англи хэлтэй байх нь давуу тал биш болсон байна шүү” гэж хэлж байхав дээ.

Харин өөрийн хүсэж мөрөөдөж байсан юмаа хараахан эхэлж чадаагүй байна. Энд ямар нэгэн бизнес эрхлэх гэж байгаа бол нилээд ул суурьтай, бодолтой, чадалтай бас чанартай эхлэхгүй бол монголчуудын маань үзэж харсан нь их болжээ. Тэдний сэтгэл ханамж нь нилээд өндөр түвшинд хүрсэн байгаа нь ажиглагдаж байна. Тэгэхээр ихэд аятайхан юм хийхгүй бол зах зээлийн хүнд өрсөлдөөнд тэсэж үлдэхгүй шүү дээ. Одоо энд нээгдэж буй их дэлгүүрүүд, сүпермаркетууд, байшин барилгынхаа хувьд ч, зарагдаж буй барааныхаа хувьд ч хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахын аргагүй болсон. Мэдээж миний ярьж байгаа бүхэн хоёр талтай. Гэхдээ би ярилцлагынхаа эхэнд сайн сайхан талаас нь бичнэ гэсэн болохоор туйлшруулж битгий ойлгоорой гэж хүсмээр байна.
Хөдөө гадаа хэр явж байна. Орон нутагт амьдрал ямархуу байгаа бол?
Өө, явалгүй яахав. Хэдэн жил хүсэн хүлээсэн юм маань энэ л юм чинь нилээд явсан шүү. Сайн сайхан яваа малчид их байна. Би Баянхонгор аймагт жирийн дундаж айлд очсон. Мянга орчим малтай, бас ч үгүй нутаг олныхоо хэдэн айлаар мал ахуйдаа туслуулчихдаг. Хүнээр малаа хариулуулнаа гэдэг нь хүн зарах гэдэг утгаасаа илүүтэйгээр тухайн хүнээ ажилтай байлгаж, ирээдүйгээ сайн сайхнаар харах боломж олгож байгаа юм байна гэж санагдсан. Гаднаа хоёр ч машин сойчихсон, адуу мал айраг цагаа болсон ер нь бол амьдрал нилээн аятайхан байгаа бололтой байх юм. Ерөнхийдөө бэлчээр, ус нь ховордож, нүүдлийн мал аж ахуй цаашдаа энэ хэвээрээ хөгжихөд бэрх болж, аж амьдралаа арай өөрөөр өөрчлөх талаар захын малчин ярьдаг болсон байна лээ. Хамгийн гол нь айл бүр шахам сансрын антеннтай болохын зэрэгцээ гар утас ихэд хэрэглэх болсонтой холбоотойгоор малчдын мэдээлэл авах хурд урдныхтай харьцуулахын аргагүй хурдан болжээ. Мөн энэ хэмжээгээрээ тэдний аливаад хандах хандлага болон шийдвэр гаргалт ч гэсэн тийм алгуур биш болоо юу даа гэмээр санагдсан. Саяхан, зудны үеэр Төв аймгийн ганц нэг айлаар орсон. Хэцүүдээ хэцүү л байна. Гэхдээ малчид маань амьдралынхаа арга барилыг өөрчлөх хэрэгтэйг улам бүр ойлгож, яавал мах, сүүгээ экспортод гаргах талаар ам дамжин, хот хотондоо ярьцгааж байхыг сонсоод “Уг нь ингээд нэг сэрээд ирвэл манайхан ч тийм чиг яахаа алдсан улс биш дээ” гэсэн итгэл төрж байсныг нуугаад яахав.
Уран бүтээлийн ямар сонинтой явна, гуравдахь түүвэрээ хэвлүүлсэн гэж сонссон. Америкийн монгол уншигчидтайгаа хэр холбоотой байна?
Тэгсэн. Энэ онд өгүүллэгийн “61 АХ” гэдэг гурав дахь түүврээ хэвлүүлэн гаргалаа. Уран зохиол хэмээх энэ их аянд суралцсан хэвээрээ л явна даа. Жаахан сонирхох тусам үнэхээр том сав, барагдашгүй эх ундрага юм гэдгийг мэдэрч, тэр хэрээрээ заримдаа жаргаж, заримдаа сүрдэж л явна. Саяхан 25 –р телевизэд нэг жүжиг бичиж өгсөн. Чухам хэр юм болсон юм бүү мэд. Ямар ч байсан хэдэн залуучууд юм болгочих санаатай гүйгээд байгаа гэсэн. Мөн энд гардаг “Боловсрол” телевизээр миний “Хоолны ширээ” өгүүллэгийг богинохон зохиомж хийж гаргасан байсныг хожим үзсэн. Одоо нэг тууж шиг юм оролдож сууна. Мөн LA- д болсон “Утгын чимэг” наадмын тухай Бишүү андын бичсэн мэдээллийг уншаад маш их урам авсан. Энэ дашрамд миний “Товч” өгүүллэгийг уншиж 1-р байр эзэлсэн Д.Уранчимэг бүсгүйд, мөн “Боб” өгүүллэгийг минь нүдэндээ нулимстай уншсан зүс үл мэдэх Д. Дашдорж анддаа маш их баярлаж талархсанаа илэрхийлэхэд таатай байна. Мөн Эмоушн хамтлагийнхантайгаа чадан ядан хийсэн “Амин охин” гэдэг дуу маань тэдний шинэ CD дээр бичигдэн ирсэн байна лээ. Та нартаа хамгийн сайн сайхныг хүсье! Америкийн болон бусад олон оронд суугаа олон уншигчидтайгаа боломжийнхоо хэрээр холбоотой байгаа. Гэхдээ уншигчид гэхээсээ илүүтэй тэднийгээ намайг жаахан юм бичих дөр суухад минь туслагсад гэж бодож явдаг. Тэд л миний зөв буруу хийгээд болсон болоогүйг ялгаж салгаж байгаа гэдэг утгаар нь шүү дээ.
Нэг ийм асуулт байна. Америкт байхдаа монголын сонин хэвлэл, интернэрээр авч байсан мэдээлэл, очоод бодит байдалтай харьцуулж харахаар танд хэр хангалттай санагдав?
Угаасаа л мэдээлэл гэдэг мэдээлэл байдаг болохоор ханатай юм ч байна, хаа замбараагүй гүжир гүтгэлэг ч байгаа юм. Гагцхүү уншигч бид л чухам аль талаас нь харж уг мэдээллийг хүлээж авах вэ гэдэгт оньс нь орших болов уу. Монгол орон минь ерөөсөө бүтэхгүй юм байна. Тэнд ер нь амьтай голтой амьтан байхын арга алга гэж ойлговол тийм л болох байх. Аа, харин эсрэгээр болж бүтэж байгаа бүхнээрээ сэтгэл зүрхээ хөглөөд явахад болохгүй юм гэж хаа байхав дээ. Хүн ер нь ямарч мэдээлэл авлаа гэсэн явж, явж эх орноос минь илүү юм гэж байх уу даа.

Гадаадад гарчихсан монголчуудын орон зай, оролцоо хувь нэмэр дутагдаж байгаа талаар их бичдэг болжээ. Харлаж онгойсон тэр зайг харийнхан орж ирээд нөхөж дүүргэж байна гэдэг яриа хэр ортой вэ?Тэгэлгүй яахав. Мэдээж нэгэн гэр бүл байлаа гэхэд хэн нэг нь байхгүй бол нэг орон зай эзгүйрч, тэр хэрээрээ ажил амьдралын зохицуулалт хийхээс өөр аргагүй болдог. Гадаадад байгаа монголчуудын маань орон зай монголд л онгойно уу болохоос өөр ямар нэгэн оронд онгойно гэж бодохгүй байна. Үүнтэй адил гараад явсан монголчуудыгаа монголчууд л үгүйлэх үү болохоос өөр бусад орон үгүйлнэ гэж үү. Энэ эх оронд, энэ эх орны иргэдээс өөр эрхэм зүйл үгүй л байх шиг байна. Харийнхан ирж байна уу? гэвэл ирж байнаа. Тэр тусмаа урд зүгийнхэн түлхүү ирж байна даа. Үүнд санаа зовохгүй ч хүн алга. Яах аргагүй л глобалчлал гээчийн сүүдэртэй тал нь энэ бололтой. Улаанбаатар маань одоо ид барилгажилтын, бүтээн босголтын үеийг үзэж байна гэж ойлгож болохоор байна. Гаднаас голчлон энэ салбарт ирж байна. Одоо бас уул уурхайн чиглэлээр нэмэгдэх шинжтэй шив дээ. Энэ талаар зөв, буруу гээд хэвлэл мэдээллээр мэтгэлцэж байгаа улс байгаа. Гэхдээ ирэх нь ирээд, явах нь яваад, бас үлдэх нь үлдээд л байх шиг. Зүйрлэвэл яг л Америкт байгаа монголчууд шиг.

Америкаас нутаг буцаж байгаа хүнд анхааруулж сануулмаар юу байна?
Би юу сануулахав дээ. Хэрвээ гадагшаа ямар нэгэн оронд очих гэж байгаа бол хэн нэгнээс анхаарах, санах зүйл, зөвлөлгөө авах санж. Эх орондоо ирэх гэж байж хэн нэгнээс тэр тусмаа надаас ямар нэгэн зөвлөмж авна гэж бодохгүй байна. Энэ чинь бидний л эх орон, элгэн садан шүү дээ. Та бүгдийн минь төрсөн нутаг ус, тоглож өссөн тэр л нуга хөндий, аймаг сум, хот хороо, гудамж талбай байдгаараа л байна. Харин ч бүр хэн нэгнийг хүлээсэн янзтай шүү. Та нар минь эх орноо гэсэн сэтгэл зүрхээ өвөрлөөд ирэхэд л бол оо. Харин ирэхдээ хийх бүтээх зүйлээ цээжиндээ дэс дараатайгаар дэнслээд, тооцоод, тодорхой болгоод ирээрэй гэмээр байна. Тэгэхгүй бол дөч гарсан хүн ирээд хуучин ажилдаа буцаад орно гэсэн ойлголт алга байна. Мөн аливаа юмыг ийм ч байх ёсгүй, тийм ч байх ёсгүй гээд гаслаад, гангинаад, толгой сэгсрээд байвал тийм ч олигтой үр дүнд хүрэхгүй байх.

Монголдоо очоод боломж чадлынхаа хэмжээнд юм хийх гэтэл авилга, хүнд суртал хамгийн их хаалт саад болдог тухай цөхрөнгөө барсан нэгний яриаг сонсож байлаа, та энэ тал дээр юу хэлэх вэ?
Халгай гээд хэн хүний мэдэх хатгадаг (түлдэг) зэрлэг гэмээр шахуу ургамал байдгаа даа. Энэ ургамал норсон үедээ буюу бороо орсны дараа барьж авахад ч, бие биенээ ороолгоход ч ерөөсөө түлдэггүй юм. Бид хүүхэд байхдаа тэгж их тоглодог байж билээ. Одооны залуучууд бол тэнэг мангарыг минь гайхах байх. Харин сүүлдээ халгай гэдэг тийм ч айгаад байх өвс биш болсон санагддаг. Хэрвээ ямар нэгэн саад тотгор байгаа бол түүнийг даван туулж, өөрийн хийсэн бүтээснээрээ тэмцэж чадвал тэр авилга хээл хахууль гээд байгаа юм хэдэн жилийн дараа энэ халгай шиг болж, хойч үед маань инээдэмтэй мэт санагдах үе ирэх байх аа.

Очоод оногдсон 0.7 га газраа ном журмаар нь авч болж байна уу?
Болж байнаа. Би саяхан Төв аймгийн Зүүн Дэлгэрэх гэдэг газар өөрийн хувиарт газраа авахаар хөөцөлдлөө. Зүгээр л байна лээ. Тэнд бүр гэр бүлийнхээ гишүүний тоогоор 0.7 га өгч байна. Хот орчимд гэвэл Эмээлт болон Өлзийт хороонд өгч байгаа гэсэн. Манайхны нэг сонин зан байх юм. Тэднийх тэнд авчихаад байхад манайх яагаад, яааг тэнд авч болохгүй гэж гээд л өөртөө зовлон хураадаг. Хэрвээ газраа авч болохгүй байна гэх мэтийн яриа гарсан бол энэ сонин зангийн ёроолыг ухахад учир нь гарах болов уу.

Америкаас ахуй амьдарлын хэрэгцээ төдийгүй арилжаа наймааны ашиг бодож Лексус, Лэнд Круйзер, электрон бараа, эм тариа, хоол хүнс, хогшил сав гээд зүсэн зүйлийн юм зөөж илгээсээр байгаа. Явуулаагүй, очоогүй юм үлдэж үү ер нь?
Хэ, хэ . . . Энэ талын юмыг миний хань л сайн мэдэж байгаа байх. Манайх ч тэнд байхдаа айхтар өртөгтэй айл байгаагүй дээ. Наад захын бидний хэрэглэж байсан хоол хүнс, кофе, сериал гэх ойр зуурын юмыг бол манай хүн гараад л аваад ирэхийг бодоход байдаг шиг байгаа юм. Америк барааны дэлгүүр сүлжээ маягтай байдаг гэсэн. Мэдээж оруулаагүй үлдсэн юм байж л таарна. Энэ талаар мэдлэг баахан маруухан. Ганц Америк ч гэхгүй Англи, Солонгос барааны дэлгүүр гэж байдаг юм. Тэдгээр орнуудад хэдэн жил амьдраад, бас ч гэж зарим юм нь ижил дасал маягтай болчихсон хүмүүст аятайхан, таатай мэдрэмж төрүүлдэг шүү. Машины хувьд гэвэл манайд байгаа машины төрлийг тоолсноос байхгүй машиныг тоолвол хялбар байх. Нэг үеэ бодвол монголын жирийн дундаж айл дор хаяж нэг машинтай болжээ. Шинэ үү, хуучин уу гэдэгтээ л байгаа. Хэдийгээр машин гээд эд зүйл яриад байгаа мэт боловч энэ хэрээрээ амьдралд итгэх итгэл эрэмшиж, түүнд тэмүүлэх тэмүүлэл, сэтгэл ханамж өндөршиж, үгүй ядаад л арай хурдан болж байна шүү дээ.

Америкт дунд сургууль коллежд суралцаж байгаа олон зуун монгол охид хөвгүүд байна, эх орондоо очоод эрэлт хэрэгцээтэй ямар мэргэжил эзэмших хэрэгтэй гэж зөвлөмөөр байна?За даа, ашиглаж, хэрэглэж чадвал эрэлт хэрэгцээгүй мэрэгжил гэж юу байхав дээ. Нэг хэсэг монголчууд маань хууль, санхүү, комьпютер, хэлний чиглэлээр их сурсан бололтой юм. Тэр талын сургууль нилээдгүй байна. Одоо уул уурхайн чиглэлээр их сурах хандлагатай байх шив дээ. Нэг аятайхан юм харагдаад байгаа нь хуучнаар бол ТМС одоогоор бол мэрэгжлийн ажилчин бэлтгэдэг сургуулиуд олноор нээгдэж бас ч үгүй нилээдгүй хэрэгцээтэй байгаа юм байна лээ. Америкт байгаа хүүхдүүдийн хувьд гэвэл “хүрд эргүүлэх боломж олсон дээр” гэдэг шиг эцэг эхийнхээ буянд ийм сайхан оронд сурч боловсрох боломж олдсоных бололцоог зөв ашиглан “нэгэн ёсны ховорхон заяа юм шүү” хэмээн санаж, ёстой л юунд сонирхолтой байна түүндээ сурч, түүгээрээ ажил амьдралаа авч явахын зэрэгцээ эх нутаг, элгэн садандаа сэтгэл зүрхээрээ туслаж яваарай л гэмээр байна даа. Түүнээс би дээр хэлсэн энд байгаа залуучууд маань маш сайн боловсорч байгаа.

Монгол орны маань онгон байгал уул уурхайн давалгаанд нэрвэгдэн устаж сүйдэх аюул тулж ирлээ гээд ярьж бичиж байгаа, үнэн байдал ямар байна?Ер нь бол энэ салбар нилээн түлхүү байгаа нь үнэн. Үүнийгээ дагаад байгал маань сүйдэж байгаа нь ч үнэн. Ямар ч юмыг оролдоод байвал сүйдэх нь зүйн хэрэг. Хамгийн гол нь байгалиа дахин сэргээх үйл нь жаахан дутмаг байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэллүүд хэдий хэр идэвхитэй, хариуцлагатай мэдээллийг түгээж, холбогдох байгууллагуудыг шахаж шаардаж чаднав төдий чинээ үр дүнгээ өгч, манайд ажиллаж буй уул уурхайн компаниуд олборлолтын дараахь сэргээлтээ сайн хийдэг болох байхаа. Эцсийн дүндээ эх орноо, хойч үеэ гэсэн сэтгэл байвал болох л ажил л даа. Дээгүүрээ хууль зүйн хүрээнд зөв гольдрол руу нь оруулах хэрэгтэй байх гэж санадаг. Яваандаа тэгэх ч байх. Машин үйлдвэрлэдэг орон авто замаа маш сайн барьдаг шүү дээ.

Нэг хэсэг нийгэмд идэвхтэй байсан иргэний хөдөлгөөний эрч нь саарлаа, хүн тоохгүй боллоо гээд бас бичээд эхлэлээ, энгийн иргэд эх орондоо амар тайван аж төрөх нөхцөл бололцоо хэр байгаа гэх вэ?
Тайван амгалан амьдрах тухайд бол монгол хүн л юм бол үүнээс илүү тайван байх газар гэж хаа байхав дээ. Ямар дайн байлдаан хийгээд, эсвэл энд тэндээ бөмбөг хийж дэлбэлээд, эсвэл аль нэг сургуульд нь ороод автоматаар шүршээд байгаа биш. Хаа очиж бид монголд төрснийгөө их хувь шүү. Америкт ажлаа хийгээд, урдахаа аялуулаад илүү дутуу хөдөлгөөн хийлгүйхэн явахад болдогийн адил энд ч гэсэн ажлаа хийгээд, амьдралаа залгуулаад явахад болж байна. Иргэдийн хөдөлгөөн гэдэг аль ч ардчилсан улсад байдаг л зүйл болохыг монголчууд, түүний дотроос гадаадад суугаа монголчууд маань бүр ч илүү мэдэрч байгаа байх. Гагцхүү ямар хэлбэрээр хийж, ямар хариу авч байгаа нь өөр өөр байдаг байх. Нэг юм анзаарахад нийгмийн дундаж давхаргынхан маань ямарваа нэгэн жагсаал цуглаанд тийм ч идэвхитэй бус, хөндлөнгөөс нь ажигласан янзтай байгаа.

Бид ч яахав, олдсон ажилдаа дор бүрнээ жирийгээд л овооны наадам энэ тэрээ хийгээд л явцгаана. Очдог ирдэг статустай болох найдвар ч бараг үгүй бололтой. Зарим нэг хэсэг нь эндээ сууршин иргэнших хэлбэрт орж эхэлсэн дээ.

Би ч ирээд удаагүй болохоор та нарынхаа ямархуу байгааг гадарлаж байгаа. Зуны нэг сайхан нарлаг өдөр наадмаа хийгээд, талбайгаа тойрон найз нөхөдтэйгөө уулзаж, эх орныхоо тухай сэтгэл хөвсөлзүүлэн ярилцаж байхад ч бас сайхан шүү. Наана чинь байхад нутаг нуга гэхээсээ илүүтэй “бид монголчууд” гэсэн үл анзаарагдам омогшил, бардамналаар бие биентэйгээ инээлдэж угтдаг, уулздаг байсан маань юу юунаас илүүтэй бодогдож байна. Зарим маань ирж, очоод байх шиг. Зарим маань тэр бичиг сачиг нь болж бүтэхгүй болохоор ирье ээ ирж болохгүй, болъёо больж болохгүй төвөгтэй л байх шиг. Тийм ийм гэж болохгүй хэцүү л юм даа. Америкт гэхэд эхний монгол очсоноос хойш бараг нэг үе өнгөрчихөж. Дахиад нэг үе өнгөрөхөд тэндхийн иргэншсэн монголчууд бий болох биз ээ. Энэ нь бараг зүй ёсны хэрэг байх. Цаг хугацаа гэдэг хурдан юм болохоор нэг л мэдэхэд Америкийн монголчууд гэхээ болиод Mongolian American гэгдэх болно. Эх нутаг маань хүн ам цөөтэй учраас харамсах мэт сэтгэл төрөхөөс биш өнөө цагийн хүний нийгмийн жам юм даа. Харин миний болоод манай үеийнхэн бол бүгдээрээ ирчих байх өө. Монголдоо ирж чадахгүй юмаа гэхэд монголоо гэсэн сэтгэлтэй хүмүүс болон өсөөсэй гэж хүсдэг дээ. Тийм хүүхдүүд дэлхийн өнцөг булан бүрд өсөж өндийж байгаа биз ээ.

Би энэ завшааныг ашиглаад зарим нэг хүнд мэнд дэвшүүлвэл болох уу?
Тэг л дээ.
Би наашаа ирэхдээ LA- гээр дамжиж ирсэн юм. Тэгэхэд миний билет ямар нэгэн шалтгаанаар явж болохгүй болоод тэнд 2 хоног саатах болсон. Санаж байна уу? Би өөрлүү чинь ярьж байсандаа. Тэгэхэд намайг огт танихгүй хирнээ онгоцны буудал дээрээс ирж аваад гэртээ 2 хоног тав тухтай байлгасан танай найз Алтанхуяг болон түүний гэр бүл Ганаа нартаа болон намайг 2 хоног Лос-Анжелес хотоор зугаацуулж, эцсийн мөчид хүртэл гаргаж өгсөн үзэг нэгт Бишүүгарам анддаа баярлаж талархсанаа хэлмээр байна. Дээрх Хуягаагийнх маш гоё номын сантай айл байсан. Миний зохиосон “Жийжээг” уншсан юм байна лээ. Тэр үүднээсээ надтай тэгж хүндэтгэлтэй харьцсанд одоо ч гэсэн баярласаар явдаг юм. Уран зохиолын буян юм даа. Мөн “Орлоо”-гийнхоо 2 дүүд, “Эмоушн”-хаа дүү нар болон Чинбаадаа, Чикаго хотод амьдарч байгаа зохиолч Доржзовдын Энхболд ах, түүний гэр бүл, Батболд ахын гэр бүлд, найз Цэрэнбат болон гэр бүлд, Чулуунбаатар болон гэр бүлд гээд бичээд байвал их л олон хүн байна даа. Бүгдэд нь сайн сайхныг хүсээд, хурдхан шиг эх орондоо, ээж аавдаа ирээрэй гэж хүсье!

Ярилцсан Д.Цэрэндорж
Сан Франциско хот

No comments:

Post a Comment