Tuesday, December 9, 2008

Эдийн засгийн хямрал ба гэр бүлийн санхүү


Хэдэн сарын өмнөөс хүн бүрт л мэдээжийн санагдаж байсан ч Эдийн Засгийн Судалгааны Үндэсний Төвөөс (National Bureau of Economic Research) улс орон өнгөрсөн жилийн 12-аас өөрөөр хэлбэл жил орчим, зарим мужууд түүнээс дээш хугацаагаар эдийн засгийн хямралд байгааг өнгөрсөн нэг дэх өдөр албан ёсоор зарлалаа.
2001 онд болсон dot-com нэрлэгддэг хамгийн сүүлийн хямралын хугацаанаас (8 сар үргэлжилсэн ажээ) ч илүү урт хугацаагаар үргэлжилж байгаагаас үзэхэд зарим эдийн засагчдын үзэж байсан шиг тийм ч “зөөлхөн” хямрал болохгүй нь ойлгомжтой болоод байна. Ихэнх судлаачид Дотоодын Нийт Бүтээгдэхүүний (ДНБ) их хэмжээний уналт 2 улирлын турш үргэжилсэн бол эдийн засгийн хямрал болж байна гэж үздэг бол тус байгууллага арай өргөн хүрээнд буюу нэлээд хэдэн сарын хугацааны эдийн засгийн үзүүлэлтэнд дүгнэлт хийж дүнг ийнхүү зарлаж байгаа аж. ДНБ-ийн үзүүлэлт 2007 оны 4-р улиралд унасан боловч дараагийн 2 улиралд өсөн дахин энэ оны 7 сараас эхлэн 9 сар хүртэл унасан ба эдийн засаг сүүлийн сарууд бүр дордоод байна. Хямрал цаашид ямар хугацаагаар үргэлжлэх талаар тус төвөөс ямар нэгэн таамаглал дэвшүүлээгүй байна.

UOP байгууллагын бизнес прогнозын төвийн захирал Michael-ийн хэлсэнээр хамгийн наад талаар бодоход 2009 оны 3-р улирал хүртэл үргэлжилнэ гэж байна. Түүний үзэж байгаагаар санхүүгийн зах зээлийн замбараагүй байдал зогсож, кредит зах зээлийн байдал сайжрахаас нааш эдийн засгийн эдгэрэлт явагдахгүй ажээ. Өнгөрсөн 7 хоногт Үндэсний Нөөцийн сангаас 800 биллион долларыг кредит зах зээл үрүү оруулахаар шийдвэрлэсэн болон зээлийн хүүг 6-аас доош болгосон нь байрны зах зээлийг сайжруулахад хийж байгаа ЗГ-ийн алхмууд болж байна.

Тэгвэл гэр бүлд гаднаас орж ирэх орлого багасаж байгаа хямралын эдийн засгийн өнөөгийн үед эндхийн Монголчууд бид гэр бүлийн санхүүдээ хэмнэлт хийх боломжууд байна уу?

Худалдан авалтандаа хэмнэлт хийх нь
Гэр бүлийн санхүү дэх ухаалаг хэмнэлт нь гаднаас орж ирэх орлогыг нэмэгдүүлэхгүй ч тогтмол гардаг зардлыг багасгаснаар нийт дүнгээрээ ихээхэн хожлыг авчирдаг билээ. Хэдийгээр жижиг хэмнэлтийг хийхэд төвөгтэй санагдаж байвч хэрэв бид худалдан авалтандаа сард ядаж л 100 долларын хэмнэлт хийж чадвал өөрийн эсвэл нөхрийнхөө нэг өдрийн ажлын цалинг ажил хийхгүйгээр олж байгаатай адил болно гэсэн үг. Тэгвэл хэмнэсэн нэг өдрөө гэр бүлээрээ сайхан амарч өнгөрөөвэл 100 доллараар ч хэмжигдэхгүй Америкчуудын хэлдгээр priceless буюу үнэлж баршгүй зүйл болох билээ. Доорх зөвлөгөөнүүдийг харна уу:

- Томоохон зүйл худалдан авахаар дэлгүүр уруу гарахынхаа өмнө авах барааныхаа үнийг онлайнаар шалга. Жишээ нь www.pricegrabber.com сайтаас барааны үнэ, тээврийн зардал, такс зэргийг оролцуулан харьцуулан харах боломжийг олгодог. Түүнчлэн shopzilla.com, Google shopping, Yahoo shopping зэргээр ороод шалгаарай. Өөр өөр үр дүн харагдана. Эдгээрээс олсон үний мэдээлэл дэлгүүрт барааны үнэ буулгахад хэрэг болно. Мөн “coupon code”, “promotion code”, “discount code” зэргээр гүүглэдээрэй. Тэндээс олсон купон зарим нь ашиглах боломжгүй байдаг ч гэсэн хэрэв хүчинтэй нь таарвал нэлээд хэдэн доллар хэмнээд авах боломжийг олгоно. Иймэрхүү чиглэлээр ажилладаг www.retailmenot.com зэрэг сайтууд байдаг. Бараа худалдаж авахдаа дэлгүүрээс price guarantee буюу үнийн баталгаа өгөх эсэхийг нь лавлаарай. Өөрөөр хэлбэл таны худалдаж авсан бараа олгосон хугацааны дотор үнэ нь хямдарвал зарим дэлгүүрүүд зөрүү мөнгийг буцааж олгодог байна.
- Шуудангаар, сонин дээрх болон сонины хавсралт хямдралын талонуудыг дурдсан өдөр, цаг хугацаанд нъ ашиглаж чадвал санаад оромгүй хэмнэлтийг хийх боломжтой. Жишээ нь би Macys-ийн 5 дахь өдөр, хагас сайны үдээш өмнө ашиглавал 25 долларын худалдан авалтаас 10 доллар хэмнэх, JC Penny-ийн худалдан авалт хийсэн 7 хоногтоо багтаж онлайн судалгааны хуудсыг бөглөвөл дараагийн худалдан авалтын 15%-ийг хөнгөлөх хэвлэж авах боломжтой талон зэргийг дуртайяа ашигладаг. 200, 300 долларын зүйл авахад л гэхэд 30-45 доллар хэмнээд авна гэдэг бас л бага зүйл биш билээ. Мөн юм авах дуртай дэлгүүрийнхээ емэйл листэд бүртгүүлбэл тогтмол урамшуулал, хямдралын талаарх мэдээллийг цаг алдалгүй аваад байна.
- Урамшуулалтай зарагдаж байгаа бараа дууссан тохиолдолд кассан дээр очоод rain check авах хэрэгтэй бөгөөд ингэснээр дараа нь уг бараа дэлгүүрт лангуу дээр гарах үед урамшуулал зарласан үнээр авах боломжтой болдог билээ.
- Home Depot, Best Buy зэрэг дэлгүүрүүд худалдан авагчдад үнэ тохиролцон худалдаа хийх боломжийг нэмэгдүүлж байна. Өөрөөр хэлбэл таалагдсан бараагаа тэнд бичигдсэн үнээс доогуур авахаар худалдагчтай эсвэл, менежертэй нь тохиролцоонд хүрэх боломжтой болж байна. Түүнчлэн үнэ буулгах зөвшилцлийг спорт клубууд, гар утасны үйлчилгээ, машин рент зэрэгт хэрэглэснээр жилд хэдэн зуун доллар, машин худалдан авахад хэдэн мянган доллар хэмнэх боломжтой билээ. Урьд нь bargain буюу үнэ буулгах гэж оролдлогыг нарийн хүний арга гэж буруушаан үздэг байсан бол одоо ухаалаг худалдан авагчийн арга гэж хүлээн зөвшөөрөх боллоо. Travelocity компаний мэргэжилтэн Joel Frey “Зөвхөн асууснаар л та зочид буудлынхаа өрөөг сайжруулж, машинаа үнэгүй паркалж, фитнэссийн үнэгүй үнэмлэх авах боломж байдаг” гэжээ. Түүнчлэн бусад аргууд түүний дотор бэлэн мөнгөөр авах, өөр газар ямар үнээр зарж байгааг мэдэж байх, барааны амьдралын мөчлөгийн мэдэж байх зэрэг орно. Жишээ нь шинэ загварын машинуудын үнийг дараа жилийнх нь 1, 2 сард маш огцом хямдруулдаг гэх мэт.
- Ихэнх тохиолдолд бараанд уртасгасан баталгаат хугацааг бүү худалдаж ав (Энэ талаар дэлгэрэнгүйгээр өмнөх бичлэгүүдээс олж уншаарай). Ихэнх бараа баталгаат хугацааны дотор эвдэрдэггүй бөгөөд эвдэрлээ ч засварын үнэ нь таны төлсөн үнээс доогуур тусах нь бий.
- Black Friday буюу хар баасан гаригаар худалдан авагчдыг татах зорилгоор дэлгүүрүүд алдагдалтайгаар зардаг door-buster бараануудыг худалдаж авах нь нэлээд ашигтай тусдаг билээ. Гэвч эдгээрийн ихэнх нь маш цөөхөн тоогоор зарагддаг тул хүрэлцэхгүй нь элбэг билээ. Гэсэн ч эдийн засгийн байдал, хүмүүсийн худалдан авах чадвар муудаж байгаа энэ үед дэлгүүрүүд бусад жилүүдийнхээс илүү их хямдралуудыг Christmas хүртэл үзүүлсээр байх нь харагдаж байна. Түүнчлэн зарим төрлийн барааг 1, 2 сард авахад илүү ашигтай байдаг. Үүнд том дэлгэцийн телевизүүд ордог байна. Учир нь шинэ загварын бараанд тавиур, лангуугаа бэлтгэж хуучин загварын бараагаа үнэ хямдруулан худалдаалдаг аж. Түүнчлэн дэлгүүрүүд Super Bowl-ийн үеэр ихээхэн хямдруулдаг билээ.
- Танъд үнэхээр таалагдсан барааг аятайхан үнээр өнөөдөр авах мөнгөний боломжгүй бол 10, 20, 50 долларын даун төлбөр хийгээд 30-90 хоног хүртэлх хугацаагаар хадгалуулан цааш нь далд хийлгэж мөнгөө бүрэн төлснөөр өөрийг болон авах боломжийг олгодон төлөвлөгөөг Layaway гэдэг юм байна. Burlington Coat Factory, Dressbarn, Kmart, Mzarshalls, Sears, TJ Maxx зэрэг сүлжээ дэлгүүрүүд болон зарим онлайн компаниуд олон зуун дэлгүүрүүдийн барааг Layaway-ээр худалдаалж байна. Цаашдаа ч дэлгүүрүүдийг тоо нэмэгдэх хандлагатай байна. Жишээ нь eLayaway.com вэб сайт брокерын үүрэг гүйцэтгэж Adidas, Apple, Home Depot зэрэг копмани, дэлгүүрүүдийн 280 гаруй төрлийн барааг layaway-ээр борлуулж байна. Энэ сайт худалдан авагчтай 3-аас 13 сарын гэрээ байгуулах бөгөөд тогтмол төлбөрийг тэдний банкны данснаас нь суутгах ба төлж дуусмагц барааг нь тэдэнд илгээдэг байна. Хэрэв та дэлгүүрээс таалагдсан бараагаа цааш нь далд хийлгэх хүсэлтэй бол ихэвчлэн layaway бичигтэй касс юмуу лангуу уруу очих хэрэгтэй бөгөөд даун төлбөрөө төлөөд долоо хоног бүр, эсвэл сард 2 удаа төлбөр хийхээр гэрээ байгуулна. Энэ нь ихэвчлэн ямар нэгэн төлбөргүй байдаг боловч авахаа болих зэрэгт төлбөр ноогдуулж магад. Иймд гэрээнд гарын үсэг зурахын өмнө хүүгийн төлбөртэй эсэх, хамгийн ихээр, хамгийн багаар хэдийг төлж болох, авахаа болихоор шийдсэн тохиолдолд мөнгөө бүрэн буцааж авах эсэхийг лавлаж мэдээрэй.
- Эцэст нь ихэнх хүмүүсийн амьдралдаа хийх хамгийн том худалдан авалт болдог байрны худалдан авалтын талаар дурдах гэсэн юм. Санхүүгийн судлаач, зөвлөгчдийн үзэж байгаагаар анх удаа байр авах гэж байгаа хүмүүст худалдан авалт хийх алтан үе ойртож байна гэж бичиж байна. Гэвч яг хэзээ эхлэх, дуусахыг хэн ч урьдчилан хэлж чадахгүй билээ. Гэхдээ ойртож байгааг байрны үнийн огцом бууралт, 30 жилийн хугацаатай тогтмол хүүтэй зээлийн хүү 5.5-д дөхөж байгаа зэргээс харагдаж байна гэж үзэж байгаа юм байна. Түүнчлэн зээлийн хүүг 4.5 хүртэл бууруулах зөвлөмжүүдийг энэ 7 хоногт нэгдсэн улсын ЗГ-т гаргаж байгаа зэргээс харвал үнэхээр 30 жилийн турш харьцангуй бага тогтмол төлбөртэйгээр байр авах алтан боломж бидний ихэнхэд олдож байж болох юм. Гэхдээ тухайн орон нутгийнхаа байрны зах зээлийн судалгаа, мэдээллийг заавал олж харж мэдэж байж шийдвэр гаргах нь зүйтэй билээ. Жишээ нь “The Changing Prospects for Building Home Equity” гэсэн нэртэй судалгааны дүнд дурдсанаар эхний 100 том хотуудад байрны үнэ үргэлжлэн унаснаар 2012 он гэхэд байр одоогийнхоос бага үнэ цэнэтэй байх болно гэсэн байна. Иймэрхүү урьдчилсан таамаглал айдсыг төрүүлэхээр байгаа биз. Гэвч энэ судалгаа ЗГ-ийн арга хэмжээнүүд авч эхлэхээс өмнө хийгдсэн гэдгийг дурдах нь зөв байхаа. Мөн энэ судалгаанд байрны түүхийн дундаж үнэ буюу рентний жилийн дүнгээс 15 дахин их үнээр байр зарагдаж байх үеийн үнийг суурь болгон авсан бөгөөд өнөөгийн нөхцөлд тохирох эсэхийг хэлж мэдэхгүй билээ. За тэгээд энэ бүх айдсыг даваад байр худалдаж авахаар шийдэж байгаа бол байрны зээлийн олгох нөхцөл хатуурсан гэдгийг тооцоолоорой. Урьд хэрэглэгдэж байсан үндсэн нөхцөлүүд болох худалдаж авсан байр тань таны амьдралд дарамт болохгүйн үүднээс байрны сарын нийт төлбөр, зээлийн төлбөр, такс, даатгалын хамтаар танай гэрийн нийт орлогын 28 хувиас хэтрэх ёсгүй болон кредит оноо 720-оос дээш байх зэрэг нөхцөлүүд орж байна. High Frequency Economics судалгааны фирмийн эдийн засагч Ian Shepherdson-ийн үзэж байгаагаар ирэх саруудад шинэ байр авах төлөвлөгөө бодож байснаас тань илүү бэрхшээлтэй тулах магадлалтай гэжээ. Учир нь барилгын компаниуд шинээр барих ажиллагаагаа эрс багасгасан нь зах зэл дээрх шинэ байрны тоог эрс бууруулсан билээ. Иймд ирэх хавраас шинэ байр худалдан авагчдын өөрсдөө нөхцөлөө тулгах, тохиролцох хүрээ нь хумигдсан байх болно гэж үзэж байгаа юм байна. Тэгвэл хуучин байр зөв сонголт болох магадлалтай. Мөн ирэх оны 6-р сарын 30-аас өмнө орлогын хэмжээний тодорхой нөхцөлийг хангасан анхны байраа худалдаж авсан хүмүүс хүүгүй зээлийн адил үйлчлэх 7500 долларын федерал такс кредит авах боломжтойг дурдсан байна.
За тэгээд эцэст нь хэрэв таныг байраа худалдаж авснаас хойш байрны үнэ 10-15 хувь унавал (муугаар бодоход) таньд сэтгэл санааны хувьд ямар байх вэ гэдгийг бодолцож үзээрэй. Хэрэв та нэг хэсэгтээ л тэндээ амьдрахаар төлөвлөж байгаа бол нэг их ч асуудал биш байх болно. Учир нь ойрын үед биш ч гэсэн тодорхой хугацааны дараа үнэ өсөх нь үнэн билээ.
Д.Баярсайхан /Сакраменто/

No comments:

Post a Comment