Орлоо сайтын уншигчдад зориулж энэ дөрвөн сарын 23-нд Лос Анжелест болон Монгол бизнесийн арга хэмжээний талаар Америк дахь Монголчуудын худалдааны танхимд хандаж тодруулга авлаа. Уг арга хэмжээг бид ноднин жилээс төлөвлөж ярилцаж байгаад өдийд хийж байгаа. Юуны өмнө семинарыг зохион байгуулах ажлыг эхнээс нь дэмжиж гардан хариуцаж маш олон ажил амжуулж буй Д.Даваа, Х.Хундага нарт болон Лос Анжелосын Монголчуудын холбоо, Калифорни мужийн Монголчуудын холбоонд талархал илэрхийлэх нь зүйтэй. Мөн Монгол Улсаас АНУ-д суугаа элчин сайдын яамны тодорхой оролцоо, дэмжлэгтэйгээр уг үйл ажиллагаа зохион байгуулагдаж буй. Уулзалт семинарын болон консулын үйл ажиллагааны зар АНУ дахь монголчуудын онлайн мэдээллийн хэрэгслээр сайн тарсан. Энэ удаа илтгэл тавих улсуудад анхаарал хандуулж хэн гэдэг хүн ирж юуг хэлэлцэх талаар түлхүү ярилцья!
Манай танхимын зүгээс илтгэл тавиулж сургалт хийлгэхээр гурван хүндэт зочид урьсан байгаа.
Монгол Улсаас АНУ-д суугаа элчин сайдын яамны зөвлөх, консулын газрын дарга Г.Ганболд семинарыг нээж үг хэлнэ. Г.Ганболд гуайг олон уншигчид мэднэ. Олон жил дипломат алба хашсан, туршлагатай, АНУ-д багагүй хугацаанд ажиллаж бидний амьдралын өдөр тутам сайтай муутай хэрэгт санаа тавьж явдаг хүний хувьд Монголын төрийг төлөөлж ажиллаж буй албан тушаалтны хувьд семинарт хэлж ярих зүйлс олны анхаарлын төвд байх биз ээ. Г.Ганболд гуай мөн судалгааны олон бүтээл тууривсан, ном зохиол их орчуулсан хүн. Энэ утгаар нь олзуурхан хүлээж авч Лос Анжелест ирэхэд нь баярлаж буйгаа илэрхийлсэн орон нутгийн америкуудаас имэйл ирж, утсаар саналаа хэлж ярьсан байгаа. Семинарын өдөр болон дараагийн гурав хоногт Монголчууддаа паспорт сунгах, хүүхдийн, гэрлэсэний гэрчилгээ олгох, нотариатын баталгаа хийх зэргээр консулын үйлчилгээ үзүүлнэ. Уг үйлчилгээний талаар холбогдох утас, хаягийн талаар зар мөн АНУ-гийн Монголчуудын онлайн хуудсуудаар нийтлэгдсэн.
2004 оноос Жиллет банкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа С.Боргил ирж жижиг бизнесийн зээлийн талаар сургалт хийнэ. Өмнө нь 2003 - 2004 онд Вэст банкны зээлийн шинжээчээр ажиллаж байсан С.Боргил нь Колорадо мужийн их сургуульд эдийн засгаар мастер хийсэн, МУИС-н санхүү банкны анги төгсөөд сангийн яаманд хэлтсийн дарга хийж байсан залуу юм. Зээлийн хүсэлтээ хэрхэн илэрхийлэх, зээлийн төрлөө яаж сонгох, бизнес төлөвлөгөөндөө юуг анхаарч тусгах, зээл авах ярилцлагадаа юу анхаарах гээд маш өргөн хүрээтэй мэдлэгийг бизнес эрхлэгчид авч чадна гэж ойлгож байгаа.
Cан Диего хотоос Фроман Лоу Фирмийн туршлагатай хуульч Дэвид Фроман хүрэлцэн ирж АНУ-н цагаачлалын хуулийн жижиг бизнест холбогдох заалтууд, ажлын визийн талаар сургалт хийнэ. Дэвид нь Аризона, Калифорни, Мизури мужид лайсэнстэй бөгөөд цагаачлал, бизнес болон корпорэйт, олон улсын хуулийн чиглэлээр 1978 оноос хуулийн үйлчилгээ эрхэлж байгаа. Канзасын соутвэстэрн коллежийг онц (cum laude) төгсөж, Сан Диогогийн их сургуулийг Парисийн олон улсын болон хуулийн Юу Эс Ди институтийн дипломтойгоор онц (cum laude) төгсөж хуулийн зэрэг (J.D.) авсан. Харвардын их сургуульд олон улсын хуулиар мастер хийсэн. Жоурж таувнийн хуулийн их сургуульд эрдмийн зэргийн дараах сургалт, судалгаа хийсэн зэргээр хуулийн мэргэжлийн өндөр боловсролтой хүн ажээ. Дэвид АНУ-н ерөнхий прокурорын туслахаар (Special Assistant U.S. Attorney), Сан Диего аймаг (county)-н захирагчаар, Чикагогийн лояало их сургуулийн болон Сан Диегогийн вэстрн стэйт их сургуулийн профессороор ажиллаж байсан. Мөн АНУ-н Нэви-д олон жил, ЖАГ Корп-н ажилтанаар удаан ажиллаж, Пентагоны цагаачлалын хуульчаар гурван жил ажиллаж тэтгэвэрт гараад өөрийн фирмээ нээсэн ажлын арвин туршлагатай хүн юм байна. 1992 оноос АНУ дээд шүүхийн "баарийн" гишүүн, 1986 оноос Америкийн цагаачлалын хуулчдын холбооны гишүүн болжээ.
Түлхүүр гурван илтгэгчээс гадна орон нутгийн төлөөлөгчид өргөнөөр оролцож илтгэл, хэлэлцүүлэг хийнэ. Лос Анжелес аймаг (county)-н захирагчийн ажлын албанаас Али Навид, Лос Анжелес аймгийн эдийн засгийн хөгжлийн корпорацийн бүс нутгийн менежер Жорж Хернандэз, Лос Анжелесийн даувн таувн хөршүүдийн консулын ерөнхийлөгч Брэди Вэствотэр нар ирж тус бүр 15 минут үйл ажиллагааныхаа танилцуулга хийж монгол бизнесүүдийн цаашдыг ирээдүй, боломжийн талаар ярилцана. Өөрийгөө ЛА-г хөгжүүлэхийн төлөө зүтгэж буй гурван үеийн коббой хэмээдэг Брэдийн ярилцлага нэн сонирхолтой болно байх аа. Мань хүн утсаар манай Даваатай "Та нар Кореатаувн-д хуралдаад арай тэнд Монголтаувнаа байгуулчихаж байгаа юм биш биз дээ?" хэмээн нөхөрсөгөөр тоглоом хийгээд би даувнтаувнийн өргөтгөлд бий болгох гэж байгаа 50 шинэ бизнесийн тухай ярина. Энэ нь монголчуудад маш их боломж бий болгож болох юм гэлээ.
Мөн тухайн бүс нутгийн Азийн худалдааны танхимын төлөөлөгчид уригдсанаас Калифорни дахь ази гаралтай бизнесийн худалдааны танхимуудын холбооны тэргүүн, Өмнөд Калифорни дахь Япончуудын худалдааны танхимын ерөнхийлөгч Тэрри Ханада танхимуудын холбоог танилцуулж монголчуудтай холбоотой хамтын ажиллагааны талаар ярилцана. Өмнөд Калифорни дахь Тайландчуудын худалдааны танхимын ерөнхийлөгч Сэм Патамакантин танхимынхаа танилцуулга хийж өөрсдийн бизнесийн туршлагаас хуваалцаж монголчуудтай цаашид хамтран ажиллах боломжийг хэлэлцэнэ. Лос Анжелесийн Солонгосчуудын худалдааны танхимыг, Калифорни дахь ази гаралтай бизнесийн худалдааны танхимуудын холбоог үүсгэн байгуулалцаж байсан өдгөө Лос Анжелесийн солонгосчуудын холбоог тэргүүлдэг Чанг Ли ирж Кориатаувнийн монголчуудын боломж, бизнесийн хамтын ажиллагаа, солонгос бизнесийн туршлагаас хуваалцаж ярилцана. Мөн Ази номхон далайн орнуудын жижиг бизнесийн хөтөлбөр гэдэг ашгийн бус байгууллагын захирал Коокэ Суноогийн жижиг бизнесийг дэмжих хөтөлбөрийн танилцуулга хийх хүсэлтэд цаг гаргаж семинарын төлөвлөгөөнд тусгаж өөрчлөхөөр яг одоо ажиллаж байна.
Үүнээс гадна танхимын зүгээс Э.Жагдагдорж АНУ-н бизнесийн хууль, шүүх, маргаан шийдвэрлэх системийн талаар жижиг бизнесийн хувийн туршлагадаа үндэслэн сургалт хийнэ. Х.Хундага жижиг бизнесүүд мэдээллийн технологи хэрэглэж бизнесийн орлого, боломж, нэр хүндээ өсгөх талаар зөвлөгөө өгч сургалт явуулна. Түүнчлэн Баярмөнх эрхлэгчтэй суши ресторан, МонШип, Монгол Таувн, АнглоФреэйт болон Лос Анжелес орчмын монголчуудын бусад бизнесүүд, Монгол хүүхдийн сургууль, монгол номын сан, Монголчуудын холбоод болон бусад олон нийтийн, ашгийн бус байгууллагууд өөрсдийн товч танилцуулга, амжилтын түүх зэрэг ярилцлага хийнэ. Америк дахь Монголчуудын худалдааны танхимын танилцуулга, танхимын зүгээс монгол бизнесүүдийг хамтран ажиллах боломж нөхцлийг хэрхэн бүрдүүлэх талаар нээлттэй хэлэлцэнэ. Тус танхимын зөвлөлийн гишүүн, Замдаан сэтгүүлийн эрхлэгч Д.Цэрэндорж тусгай сурвалжлага хийхээр төлөвлөж байгаа юм. Мөн орон нутгаас Д.Бишүүгарам сурвалжлага, ярилцлага, нийтлэлийн талаар хүч нэмж, дэм үзүүлнэ. Мэдээллийг манай танхимтай хамтран ажилладаг АНУ дахь Монголчуудын онлайн мэдээллийн хэрэгслүүд Орлоо.ком, Даяар Монгол, Мэдээлэл.ком, Замдаан болон танхимын вебээр тарааж нийтлэн олонд хүргэнэ.
Сургалт семинарын үеэр Аргамаг Инкорпорат, Асуулт нэт, Илиос Нэтворкс Инк.-н спонсортойгоор Монгол руу утсаар төлбөргүй ярих үйлчилгээ үзүүлж, монголын тухай фото зургийн үзэсгэлэнгийн хэсгээс танилцуулна.
No comments:
Post a Comment