
www.medeelel.tvИх гүрний нийслэлд үйл ажиллагаагаа явуулдаг “15 минут” студи шороон үхэр жилийн шинийн нэгэнд Texas мужийг зорьж, Хьюстэн хотоос цуврал нэвтрүүлгүүд бэлтгэн толилуулж байгаа билээ. Энэ удаад АНУ-д 2 жил гаран хугацаанд аялахаар төлөвлөөд байгаа “Чингис хаан” үзэсгэлэнгийн нээлттэй давхцан Гримиллион уран зургийн галлерейд зохион байгуулсан Монголын орчин үеийн уран зураг, шашны эдлэлийн үзэсгэлэнгээс бэлтгэсэн “Америкийн өнгө” нэвтрүүлгийн шинэ дугаараа энд даран хүлээн авч үзнэ үү... хэмээн урьж байна.
Тус галлерейн захирал Крис өөрийн дотны найз Лессэмийн санал болгосноор зохион байгуулагдсан энэ үзэсгэлэнгийн тухайд, “Анх төлөвлөж байснаас илүү сайхан боллоо. Хүмүүний цаг завгүй амьдралд маргааш, нөгөөдөр гэлгүйгээр өнөөдөр Монголын уран бүтээлчдийн бүтээлийг үзэж чадсандаа сэтгэл хангалуун байна. Үүгээр ч зогсохгүй тун удахгүй Монголд очиж, Монголын сайхан орноор аялна гэж бодож байна” гэсэн юм. Яг ийм сэтгэгдэлтэй үлдсэн олон Америкчуудаас анх удаа Монголын соёл урлагийн бүтээл, морин хуур уртын дууны эгшиглэнг сонирхсон нь цөөнгүй байлаа. Ийнхүү эх орноо сурталчлах үйлсэд олон жилийн уйгагүй хөдөлмөрөө зориулж яваа гол зохион байгуулагч Н.Ганхуяг, мөн түүний хамтрагч “Монгол хауз” ашгийн бус байгууллагыг үндэслэгчдийн нэг Дон Лессэм нартай уулзаж ярилцснаа энэ нэвтрүүлгээрээ хүргэж байна.
Тэд Техас мужийн Хьюстэн хотод байгуулах Монголын Соёлын төвийн бэлтгэл ажилд зориулан энэ удаагийн арга хэмжээнүүдийг давхцуулан хийсэн хэмээн тайлбарласан юм. Иймээс тэдний цаашдын ажилд амжилт хүсэхийн хамт 2009 оны 9 сард АНУ-ын Калорaдo мужийн Денвер хот руу нүүх Чингис хаан үзэсгэлэн, түүний нээлтэн дээр тавигдах Монголын урлагийн тоглолтыг сонирхох олон Америкчуудаас Монгол оронтой, Монголын ард түмэнтэй холбогдож харилцаагаа өргөжүүлнэ найдан, “Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай” хэмээн чин сэтгэлээсээ ерөөе. Үүнтэй манай мэдээллийн ивээн тэтгэгч www.medeelel.com-ын Эрхэм хэрэглэгч Та санал нийлнэ гэдэгт итгэж байна.
No comments:
Post a Comment