Thursday, March 26, 2009

Гэр бүлийн санхүүтэй холбоотой шинэ мэдээллүүд

Д.Баярсайхан /Сакраменто/
Ойрын үеийн шинэ мэдээллүүдийг та бүхэнд танилцуулж байна.

1. 5-р сарын 11-ээс эхлэн шуудангийн маркийн үнэ 44 цент буюу 2 центээр нэмэгдэнэ. Мөн илгээмжний үнэ ч гэсэн бага хэмжээгээр нэмэгдэх юм байна. Ийм одоо болон цаашдаа байнга “Forever” буюу үнэ нь бичигдээгүй “мөнхийн” марк авч байвал үнэ өөрчлөгдлөө хүчинтэй хэвээр байх тул үлдэгдэл маркаа ашиглахын тулд 1, 2 центийн марк авах шаардлагагүй болно.

2. Сүүлийн үед зарим кредит картнуудын минимум төлбөрийн хэмжээ болон хүү нэмэгдэж хэрэглэгчдэд бухимдлыг төрүүлж байгаа билээ. Эдийн засгийн хямралын улмаас хэрэглэгчдээс төлбөрөө хоцруулах, төлөхгүй байх зэрэг нь нэмэгдэж байгаа тул эдгээрээс үүссэн хохирлоо нөхөхийн тулд нэмэхээс аргагүйд хүрч байна гэж санхүүгийн байгууллагууд тайлбарлаж байгаа юм. Энэ нь одоогоор хууль ёсны байгаа бөгөөд харин өнгөрсөн оны 12-р сард Federal Reserve-ээс банк, санхүүгийн байгууллагууд тодорхой шалтгаангүйгээр кредит картны хүүг нэмэгдүүлэх, хэрэв нэмэгдүүлэх болбол урьдчилан мэдэгдэх, ийнхүү мэдэгдэхдээ билл дээр харагдахуйд газар бичиж илгээх хэрэгтэйг хуульчилсан байна. Харамсалтай нь энэ хууль 2010 оны 7-р сарын 1-ээс хэрэгжиж эхлэх юм байна.

3. Татвараа бодож явуулах сүүлийн хугацаа дөхөж байна. Монголчуудад хамааралтай байж болох дараахь шинэчлэлтүүд байна.

Үүнд:
- Та бүхэн анзаарсан бол шинээр “ recovery rebate credit” орж ирсэн байгаа. Татварын бодолтод гарсан алдаануудын ойролцоогоор 15% нь энэхүү кредиттэй холбогдон гарч байна гэж IRS-ын төлөөлөгч мэгэдсэн байна. Энэхүү кредит нь өнгөрсөн жил stimulus payment-ээ аваагүй буюу дутуу авсан хүмүүст зориулагдсан юм байна. Мөн 2008 онд санхүүгийн байдал чинь өмнөх жилээс эрс муудсан, шинээр хүүхэд төрсөн, эсвэл 2007 онд хэн нэгний асран хамгаалуулагчаар бодогдоод 2008 онд үгүй тохиолдолд энэ кредитээс хүртэх боломжтой. Иймд хэрэв дээрх 3 нөхцөлийн аль нэгийг хангаагүй бөгөөд өнгөрсөн жил тэтгэмжийн чек авсан хүмүүс татварын программ ашиглаж байгаа үед бол “Did you received the rebate in 2007” гэсэн асуултны авсан хэмжээгээр бичих хэсэгт нь чекний дүнгээ бичих нв зөв юм. Цаасаар бөглөж байгаа бол “Recovery rebate credit” мөрөн дээр 0 эсвэл хоосон орхино. Мөн эргэлзэж байгаа бол RRC гэж бичсэнээр IRS өөрсдөө ямар хэмжээтэй болохыг тогтооно.

- Бензиний үнэлгээ 2 янз байгаа. Жилийн эхний хагаст явсан замын хэмжээ 50.5 центээр, сүүлийн хагаст 58.5 центээр бодогдож байна. Эмнэлгийн болон нүүх зардлуудад жилийн эхний хагаст 19 центээр, сүүлийн хагаст 27 центээр, харин буюны үйл ажлилагааны зардлын үед тогтмол 14 центээр тус тус бодогдож байна. Энэ жилийн шинэчлэгдсэн программаар бодож байгаа үед автоматааар бодогдох тул эдгээр тоонуудад санаа зовсоны хэрэггүй юм.
- Бас нэгэн сайхан кредит нэмэгдсэн нь байр худалдан авагчийн кредит билээ. Хэрэв та анх удаа байр 2009 оны 4-р сарын 8-аас 2010 оны 12-р сарын 1-ны дотор худалдаж авбал 8000 доллар, эсвэл байрны үнийн 10% /аль багыг нь/ улсаас кредит авах боломжтой байна. Өнгөрсөн жил байр авсан хүмүүс олгож байга 7500 долларын /15 жилийн дотор хүүгүйгээр буцааж төлнө/ кредитээс ялгаатай нь энэ мөнгийг улсад буцааж төлөх шаардлагагүй. Хэрэв та худалдан авах хүртлээ сүүлийн 3 жилд байр эзэмшээгүй бол “Анх удаа худалдан авагч” нөхцөлд хамрагдах болоцоотой. Сонирхолтой нь энэ онд байр авах бол 2008, 2009 оны аль ч оны татварын бодолтонд оруулж кредит авахыг зөвшөөрч байгаад юм. Энэ кредитийг авахын тулд оролгын хэмжээ ганцаараа бол 95.000-оос дээш, гэрлэсэн бол 170000-ааш доош байх ёстой. Мэдээж энэхүү байр нь Америкийн нутаг дэвсгэр дээр байрлаж байх ёстой. Дэлгэрэнгүйг IRS-ийн 5405 формоос хараарай.

- Дээрхийн адил Калифорний оршин суугчдад зориулсан шинээр барьсан байр худалдаж авах, авсан хүмүүст зориулсан мужийн татварын кредит шинээр батлагдсан билээ. 2009 оны 3-р сарын 1-ээс 2010 оны 3-р сарын 1-ний хооронд шинэ, шинэвтэр байр худалдаж авсан хүмүүс 10 мянга эсвэл байрны үнийн дүнгийн 10%-ийг /аль багыг нь/ мужаас татварын кредитээр авах бололцоотой болж байна. Улсын кредитээс ялгаатай нь заавал анх удаа байр авагч байх албагүй болон орлогын хэмжээний хязгаарлалтын нөхцөлийг тулгахгүй байгаад юм. Энэ үний дүнг 3 жилийн турш хувааж авна. Жишээ нь 10 мянгийг авах болсон тул жилд 3.333 долларыг авах юм. Хэрэв 2 жилийн дотор байраа зарах, хөлслүүлэхгүй бол мөн л энэхүү мөнгийг буцааж төлөх шаардлагагүй ажээ. Мөн хэрэв анх удаа байр худалдан авагч бол улсын 8000 долларын кредиттэй нийлүүлж авах боломжтой. Энэ кредит-д зориулж мужийн хэмжээгээр 100 сая долларын сан байгаа бөгөөд эхэлж авсанд нь эхэлж хүртэнэ дүрэм үйлчилнэ. Дашрамд дурдахад зээлийн хүү ойролцоогоор 5-д хүрээд байна. 30 жилийн тогтмол хүүтэй зээлийн хүү улсын дундаж хэмжээ 5.04 байна.

4. Хэдийгээр ажил ховордож ажилгүйдлийн түвшин нэмэгдэж байгаа ч Сэм авгад өөрт нь ажиллах боломж байна. The Office of Personnel Management байгууллагын мэдээгээр www.USAJobs.gov сайтад өнгөрсөн жилийн 10-р сараас хойш нийтдээ 200 мянга гаруй ажлын байрны зар нэмж тавигдсан байна. Банкны батлан даалтууд, эдийн засгийн туламжийн төлбөрүүдтэй холбогдож ЗГ-ын зарцуулалтыг хянахад аудиторууд, шинжилгээ судлаачдын хэрэгцээ улам нэмэгдэж байгаа аж. ЗГ-т засаг захиргаа, бизнес, мэдээлийн технологийн ажилтнууд төдийгүй банк, үл хөдлөх хөрөнгийн зах зээл, констракшионы салбарт ажиллаж байсан хүмүүс ч хэрэгтэй байна. Иймэрхүү ажлын байрны олдоцоор Вашигтон Ди Си тэргүүлэх боловч улс даяар, ялангуяа цэргийн баазын ойролцоох газруудад улсын ажил илүүтэй олдох боломж байдаг ажээ. Найдвартай байдал, боломжийн цалинтай байдгаас улсын ажилд орох хүсэлт өргөдлийн хэмжээ байнга их байдаг бөгөөд нэг ажлын байранд ойролцоогоор 130 өргөдлийг хүлээж авдаг гэнэ. Иймд өөрийг тань сонгох боломжийг нэмэгдүүлэхийн тулд ажлын байрны тодорхойлолтонд орсон “түлхүүр” үгсийг багтаасан урт хэмжээний резюме бичихийг ажил эрхлэгчийн талаарх мэргэжилтэй Kathryn Troutman зөвлөж байна. Өргөдлийн хариуг 30 хоногийн дотор авах бөгөөд харин ажилд авах процесс хэдэн сараар үргэжлэх магадлалтай байна.

5. Та машин авахаар төлөвлөж байгаа бол дараахь мэдээлэл хэрэг болж магад. Лос Анжелес хотод төвтэй машины судалгааны Edmunds институтын мэдээгээр 1-р сарын байдлаар дундаж машины үнэ өмнөх жилийнхээс 12.5%-иар буюу ойролцоогоор 2714 доллараар хямдарсан байна. Гэхдээ машин авахын өмнө судалгаа хийх хэрэгтэй юм. Учир нь машин удаан зарагдаж байгаатай холбогдож үүнд дилерүүд янз бүрээр хандаж байна. Жишээ нь, зарим нь олон машин зарах бодолтойгоор үнээ хямдруулж байхад зарим нь алдагдлаа зарж байгаа машин дээрээ шингээхийг оролдож байгаа ажээ. Өөрөөр хэлбэл хаанаас худалдаж авч байгаагаас шалтгаалаад яг ижил маркийн нэг оны машинууд өөр өөр үнэтэй байх талтай. Дилерүүд ихэвчлэн үнийн мэдээ авахаар онлайнаар хүссэн хүмүүст зүгээр алхаж очсоноос илүүтэй хямд үнийг санал болгодог. Учир нь эдгээр хэрэглэгчдийг судалгаа хайлт, харьцуулалт хийсэн гэж үздэг тул бусад дилерүүдийн үнэтэй өрсөлдөх хэмжээний үнэ санал болгохыг хичээдэг. Edmunds.com, Kelley Blue Book-ын kbb.com сайтаас дилерүүдэд хүсэлт гаргаж үний мэдээ авч болох юм. Мэдээж боломжтой бол өөрийн банк, санхүүгийн нэгдлүүдээс зээл авах урьдчилсан зөвшөөрлийг аваад очвол өөрийн нөхцөлөө тулгахад илүү хялбар байдаг билээ.

6. Байрны рент чинь харьцангуй өндөр бол байрны эзэн, менежертэйгээ рентээ бууруулах тохиролцоо хийгээрэй. Үүний тулд мөн судалгаа хийх хэрэгтэй. Ойрхон хөршүүдийн апартмент, байруудын үнийг судалж үз. Хэрэв үнэхээр бараг адил хэмжээний байр танайхаас хямдаар хөлсөлж байгаа болон танай комплех-д эзэнгүй байр их байвал хямдруулах хүсэлтээ гаргах аятайхан нөхцөл бүрдэж байж болох юм. Үүний тулд хүсэлтээ бичгээр гаргах хэрэгтэй бөгөөд зах зээлийн байдал, харьцуулалт, бодит жишээ болон сарын төлбөрөө тогтмол төлж байсан сайн суугч зэргээ дурдаж оруулаад яг хэдэн долларын хямдрал гаргахыг хүсч байгаагаа бичээрэй. Хэрэв тэд таны хэлснээс арай багаар хямдруулах саналыг тавибал өөрийн саналдаа бат зогсож байрнууд хэдэн сараар хоосон байгааг хэлж сануулахад илүүдэхгүй гэж байр олдоход хэцүү гэгддэг Манхэттэнд апартментынхаа үнийг бууруулж чадсан нэгэн зөвлөж байна.

7. American Recovery and Reinvestment Act батлагдсантай холбогдуулан ЗГ-ын олгох мөнгөнөөс олж өгнө гэсэн олон веб сайтууд хэрэглэгчдийг хуурч эхлээд байна гэж FTC-оос анхааруулж байна. Ихэнх сайтууд хүмүүст ЗГ-ын хэдэн мянган төрлийн тусламжийн мөнгөнөөс хэрхэн хүртэх талаар үнэтэй мэдээллийг ердөө 1-3 долларыг шуудан, тээврийн зардалд төлсөнөөр авах боломжтой гэх зэргээр сурталчилж байна. Үнэн хэрэг дээрээ тэд хүмүүсээс илүү их мөнгө салгахаар төлөвлөж байдаг ба дундаж иргэдэд олгогдохгүй мөнгийг хүмүүст боломжтой мэтээр мэдэгдэж ихээхэн мөнгийг нэмж төлүүлээд хариуд нь хэрэглэгч юу авалгүйгээр хоосон хоцрох болно. Тодорхой хугацаанд мэдээллийг үнэгүй хэрэглэх боломжтой гээд цаашид сар бүр мөнгийг хэрэглэгчээс авах нв бий. Саяхан FTC-ээс илрүүлсэн сайт хэрэглэгчдээс нэг удаагийн 99 доллар, сар бүр 50 доллар авч байсан байна. Ихэнх сайтууд сарын 70-100 долларын төлбөр авдаг аж. Хамгийн гол нь энэ сайтууд хэрэглэгчдийг зээлээ эсвэл биллээ төлөх мөнгө олдоно гэсэн буруу ойлголтыг өгч төөрөгдүүлж байна. Жинхэнэ ЗГ-ын тэтгэмжүүдийн талаар www.grants.gov, ЗГ-ын тусламжийн мөнгө юунд зарцуулагдахыг www.recovery.gov сайтуудаас олж харах бололцоотой. Жишээ нь энэхүү тэтгэмжнээс AmeriCorps-д хүмүүсийг сургах, татан оролцуулах, удирдах хүсэлтэй болон боломжтой хүмүүс хүртэх бололцоотой. Мөн 20 сая долларын тэтгэмжийг орон нутгийн бизнес хөгжилд зориулж улсын гэрээт констракторууд, муж, хотын агентлагуудад, мөн эрдэм шинжилгээ судалгаа, цэвэр-шатахууны технологи, гэмт хэргийн хуулийн системийг боловсронгуй болгоход, индиан гаралтай хүмүүст зориулсан байрны тэтгэмж, жижиг бизнес эрхлэгчдэд олгох зээлийн зэрэг бусад тэтгэмжүүд байна. Эдгээрээс харахад ихэнх ЗГ-ын тэтгэмжүүдийг хүртэх нөхцөлийг жирийн иргэд хангахгүй бөгөөд үнэхээр иргэдийн зээлийн картын төлбөрийг улс төлнө гэж мөрөөдөх нь утгагүй болох билээ.

No comments:

Post a Comment