
АНУ-ын ЭСЯ-ны Консул Роберт Поп-ийн нээлттэй захидал
Виз хуурамчаар мэдүүлж азаа турших нь маш ноцтой асуудал юм. Виз мэдүүлэгч нь буруу ташаа мэдээлэл өгөх, холбогдох баримтыг нуун дарагдуулах эсвэл өөрийн нөхцөл байдлыг буруу танилцуулсан тохиолдолд АНУ-д нэвтрэх эрхээ бүрэн алдахаас гадна зарим тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээхэд хүрдэг.
Виз олгоход баримт бичгийн бүрдүүлэлтээс илүү тухайн хүнд итгэж болох эсэх нь ихээхэн нөлөөлнө. Консул нь виз олгох шийдвэрээ холбогдох баримт бичигт бус харин тухайн хүнтэй хийсэн ярилцлага болон мэдүүлгэнд тулгуурлан гаргадаг. Виз мэдүүлэгч нь өөрийг нь цагаачлах магадлалтай гэсэн Консулын төсөөллийг няцаахдаа АНУ-д байгаа өөрийн найз нөхөд, ах дүү төрөл саданг нуух хэрэггүй. Учир нь, ихэнх хүн АНУ-д ямар нэгэн байдлаар холбоо бүхий хүнтэй байдаг. Виз олгохоор шийдэгдсэн тохиолдолд өргөдлийн үнэн зөв эсэхийг компьютерт байгаа мэдээлэлтэй харьцуулан шалгадаг.
АНУ-ын Элчин сайдын яамнаас зөвшөөрсөн виз олгох явцыг түргэтгэх болон виз гаргаж өгөх төлбөртэй үйлчилгээ байдаггүй тул эдгээрт хандсанаар хий дэмий мөнгөө үрэх болно. Эдгээр виз зуучлагчид нь гол төлөв нэг төрлийн баримт бичгийг олон хүнд бэлдэж өгдөг тул тэдгээрийг хуурамч болохыг нь илрүүлэхэд хялбар байдаг. Харин өргөдлийн маягтыг бөглөхдөө хэн нэгнээс төлбөртэй туслалцаа авч болох бөгөөд хамгийн гол нь өргөдөлд зөвхөн тухайн виз мэдүүлэгчийн өгсөн үнэн зөв, бүрэн мэдээлэл орсон байх ёстой.
АНУ-д аялал жуулчлал болон оюутны визээр очоод хууль бусаар ажил эрхэлсэн хүмүүсийн хувьд тухайн улсад насан туршдаа дахин зорчих эрхгүй болно. Жишээ дурдвал саяхан олны танил хэд хэдэн уран бүтээлч Консулд худал мэдүүлэг өгсөн бөгөөд АНУ-д хууль бусаар концерт тоглосон учир визийг нь цуцалж, дахин зорчих эрхийг нь хасаад байна.
Иймд хэрэв Та ямар нэгэн шалтгаанаар АНУ-д зорчих хүсэлтэй байгаа бол баримт бичгээ үнэн зөв бүрдүүлж, ярилцлагын асуултад шударга хариулах хэрэгтэй. Хэдийгээр Та визээ үнэн зөв мэдүүлсэн ч тухайн виз олгогдоогүй тохиолдолд дахин виз мэдүүлэх эрх танд байгаа. Харин Та ямар нэгэн байдлаар хуурамч мэдүүлэг өгсөн тохиолдолд АНУ-д зорчих боломжоо насан туршдаа ч алдаж болно.
No comments:
Post a Comment