Монголын олон улсын эрдэс баялгийн корпорацийн ерөнхийлөгч О.Эрдэнэбулган: Уул уурхайн салбар Монгол улсын ирээдүйн хөгжлийг тодорхойлноТӨГССӨН СУРГУУЛЬ: ШУТИС, КТМС, Италийн Триесте хотын MIB консерциум, Санхүүгийн удирдлага Нью Йорк, АНУ, Эрсдлийн удирдлага, Стокольм, Швед
ЭЗЭМШСЭН МЭРГЭЖИЛ: Системийн инженер, Бизнесийн удирдлага
ЧӨЛӨӨТ ЦАГААРАА ХИЙХ ДУРТАЙ АЖИЛ: Зааланд тоглох, Ууланд авирах, Хөлбөмбег үзэх
АЖИЛЛАСАН БАЙДАЛ: МҮХАҮТ-д гадаад худалдаа мэдээллийн товчооны дарга, ASI Robicon Holdings SPA, Монфалконе-д Ази номхон далайн газарт судлаач, MCS группд группын экспортын менежер, “Анод” банкинд газрын захирал, Сангийн яаманд Сангийн сайдын зөвлөх,
ГЭР БҮЛ: Эхнэр хоёр хүүхдийн хамт
-”Алтангадас” сэтгүүлийн нийтлэлийн бодлого улс эх орныхоо хөгжил дэвшилд тодорхой хувь нэмэр оруулан амжилттай ажиллаж яваа залуу хүмүүсийг сэтгүүлийнхээ зочны буланд урьж оролцуулдаг. Тиймээс маш богино хугацааны дотор бизнесээ өргөжүүлж чадсан амжилтын үндсийг тань сонсож болох уу?
-Бидний ажлыг үнэлж байгаа таньд баярлалаа. Энд ганц миний биш манай хамт олон сайн багийн маань хүч, хөдөлмөрийн үр дүн. Дээрээс нь бид зах зээлээ зөв олж харж, зөв стратетигийн дагуу ажилласных гэж хэлэх байна. Манайхан хэтэрхий гадны хөрөнгө оруулагч, гадны боловсон хүчинг шүтэж байгааг би хувьдаа төдийлөн таашаадаггүй. Монголчууд өнөөдөр тэднээс юугаар дутах юм бэ. Тэдэнтэй яг адилхан сэтгэж, яг адилхан хэмжээнд ажиллахын төлөө гэсэн хүсэл эрмэлзлэлээр зорьж ажилладаг учраас манай компанийн боловсон хүчинг чадварлаг хэмээн үнэлж болно. Тиймээс ч бидний байгуулсан Монголын олон улсын эрдэс баялагийн корпораци өдий хүртэл амжилттай ажиллаж, үйл ажиллагаагаа өргөтгөж чадсаны үр дүн тэдэнтэй минь холбоотой.
-Монгол улсын хөгжлийн өнөөгийн чиг хандлага уул уурхайн салбараас ихээхэн хамааралтай болсныг хэн хүнгүй мэднэ. Монголын олон улсын эрдэс баялагийн корпораци ч өөрийн хувь нэмрийг оруулах үүднээс энэхүү бизнесийг эхлүүлсэн байх. Компаниа хэзээ байгуулсан юм бэ?
-Манай компани нь 2005 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш өнөөдөр тав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна.Товчхондоо манайх уул уурхай хайгуул, олборлолт, боловсруулах болон баяжуулах үйлдвэр, эрчим хүч, олон улсын тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг компаниудыг өөртөө нэгтгэсэн группын зохион байгуулалттай аж ахуйн нэгж юм.
-Өнөөдөр хүн болгон аль болох биед амар хөнгөн бизнесийг сонгож ашиг олоод явж байгаа нь нууц биш. Гэтэл хүн бүрийн барьж аваад байдаггүй энэ бизнес рүү орох болсны тань шалтгаан юу вэ?
-Уул уурхайн салбар бол манай улсын ойрын ирээдүйн хөгжлийг тодорхойлно гэж ойлгож байна. Уул уурхайн салбар гэхээр хэсэг компаниуд байгалын хэвлийг ухаад ашигт малтмалыг нь авчихдаг юм шиг ойлголт манайд байдаг нь учир дутагдалтай. Ашигт малтмал олборлохоос гадна, олборлосон түүхий эдээрээ эцсийн болон завсрын бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортонд гаргах нь чухал юм.Тиймээс эх орондоо эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг нэг ч гэсэн үйлдвэр барья гэсэн зорилгоор бизнесээ эхлүүлээд өнөөдөр жоншны баяжуулах үйлдвэрээ ашиглалтанд оруулаад байна.Энэ үйлдвэрээ ашиглалтанд өгөхийн тулд үйлдвэрийнхээ байрны ширхэг тоосгыг өөрөө өрөлцөж, техник тоног төхөөрөмжөө суурилуулж, анхны дээжийг нь гар дээрээ барих хүртэл бүх шат дамжлагад оролцсоны хувьд амар байгаагүй гэдгийг нуугаад яахав. Юм дандаа өнөөдрийнх шиг болж бүтэж амар хялбар байсан биш шүү дээ.Эхний үед туршлагагүйтэх, алдах зүйл нэлээн гарч байсан.Гэсэн ч тэр бүх алдаан дээрээ сурч, туршлагажиж өнөөдөр манай компани уул уурхай, эрчим хүчний хэд хэдэн томоохон төслүүд хэрэгжүүлэхээр ажиллаж эхлээд байна.
-Уул уурхайн салбар хөрөнгө мөнгө их шаарддаг. Томоохон үйлдвэрлэл эрхлэх, том бүтээн байгуулалт хийж байгаа танай компани ч гэсэн гадныхантай хамтын ажиллагаатай байх гэж ойлгож байна.
-Манай группын бүрэлдэхүүнд байгаа зарим компаниуд маань Щвейцарь, Хятад, ОХУ-тай хамтардаг. Гэхдээ компанийн хувьцааны дийлэнх хувийг Монголчууд эзэмшдэг. Томоохон бүтээн байгуулалт хийж байгаа ийм үед гадаадын туршлагатай олон улсын зах зээлд танигдсан компаниуд болон тэдний санаа оноо, техник технологийн дэвшлийг ашиглах үүднээс хамтран ажиллах шаардлага зайлшгүй гарч ирж байна.
-Сүүлийн үед нэлээдгүй компаниуд гадны хөрөнгийн бирж дээр хувьцаагаа зарж хөрөнгө босгохыг оролдож байгаа. Уул уурхайн салбарт ажиллаж байгаа танай компанид ч хөрөнгө мөнгөний эх үүсвэр хэрэгтэй байгаа учраас ийм оролдлого хийж байна уу?
-Гаднаас хямд өртөгтэй эх үүсвэр олж авахын тулд нэг бол зээл авах эсвэл өөрийнхөө компаниудын хувьцаа болон бонд гаргах замаар хөрөнгийн зах зээл дээрээс санхүүжилт босгох асуудал гарч ирж байгаа. Монголын компаниудын хувьд барууны хөрөнгийн биржүүдэд хувьцаа /IPO хийх/ гаргах асуудал харьцангуй нээлттэй, боломжтой болж байна. Олон жилийн түүхэн туршлагатай, эсвэл зах зээл дээр тодорхой хэмжээний байр суурьтай болсон компаниудын хувьд боломж харьцангуй илүү байдаг. Манай компанийн хувьд ч гадаадын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргах ажлыг хийж байгаа бөгөөд энэ ондоо багтаан бид нар нэг салбар компаныхаа хувьцааг Хонгконгийн хөрөнгийн бирж дээр арилжаалж эхлэнэ гэж төлөвлөж байгаа.
-Уул уурхайн эцсийн шатны боловсруулах үйлдвэр барина гэдэг амаргүй гэдгийг та хэлсэн. Ийм том үйлдвэр барьж байхыг бодоход танайх чадварлаг сайн инженерийн баг хамт олон бүрдүүлж чаджээ?
-Уул уурхайн салбарт мэргэшсэн маш сайн баг бүрдүүлж чадсан гэж бодож байгаа. Харин баяжуулах технологи үйлдвэрлэлийн шатанд гадаад дотоодын хамтарсан баг гүйцэтгэдэг.
-Та уул уурхайн салбараас гадна эрчим хүчний салбарт ажиллаж байгаа гэж хэллээ. Энэ талаараа тодруулаач?
-Тиймээ. Манайх уул уурхайн салбараас гадна эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Ирээдүйд Монгол улсын хэмжээнд уул уурхайн томоохон төслүүдээс гадна маш олон үйлдвэрүүд ашиглалтанд орох нь тодорхой, одоо ч эхнээсээ орцгоож байна. Гэтэл цахилгаан, эрчим хүчний хэрэгцээ өдөр ирэх бүр нэмэгдэж байгаа энэ үед шинэ цахилгаан станц барих асуудал яахын аргагүй тулгамдаж байгаа асуудал юм. Өнөөдөр гэхэд Улаанбаатар хот цахилгаан, эрчим хүчний хангамж тааруу байгаа төдийгүй 2012 он гэхэд байдал нэлээд хүндрэх тийшээгээ байна. Үүнтэй холбогдуулан манай компани эрчим хүчний шинэ эх үүсвэр барих албан хүсэлт болон техникийн саналаа холбогдох яамдуудад нь өгөөд байна.
-Яг өнөөдрийн хувьд эрчим хүчний тухай асуудал ид яригдаж байна. Нийгэмд, улс эх оронд зайлшгүй хэрэгтэй байгаа энэ бүтээн байгуулалтыг дэмжихгүй хүн гарахгүй байлгүй дээ?
-Бид ч бас тэгж найдаж байгаа. Манайх энэ төслийн техникийн хамтрагчаар Шанхай Электрик групп болон хөрөнгө оруулагчаар Австралийн хөрөнгө оруулалтын Макуари банктай хамтран хэрэгжүүлэх боломжтой байгаа. Шинэ технологиор баригдах цахилгаан станцыг/ВОТ/ байгуулах, ашиглах, шилжүүлэх нөхцлийн үндсэн дээр барих саналаа Засгийн газарт тавьчихаад байгаа. Өнөөдөр Улаанбаатар хотыг эрчим хүчээр хангаж байгаа бүх станцууд нүүрс шатаадаг учраас эргээд байгаль орчинд сөргөөр нөлөөлж байна. Цахилгаан, дулааных нь асуудлыг цогцоор нь шийдэж чадахгүйгээс хот утаанаасаа салахгүй, гэр хорооллыг барилгажуулах асуудал удааширч байна. Энэ шинэ эх үүсвэрийг бий болгосноор гэр хороолол руу цахилгаан, дулааны шугам татаж тэнд орон сууц барих нөхцөл бий болно. Бидний санал болгож байгаа энэ станц нь байгаль орчинд ямар ч хор нөлөөгүй, утаагүй, эдийн засгийн өндөр үр ашигтай цоо шинэ технологийн дагуу баригдах юм. Улс орны нөхцөл байдал хүнд, эдийн засгийн хямралтай байгаа энэ үед төрөөс нэг ч төгрөг гаргуулахгүйгээр энэ станцыг барих боломж бидэнд байна.
-Хэрвээ төсөл чинь батлагдах юм бол энэ станц хэдий хугацаанд баригдаж дуусах вэ?
-Бидний тооцоогоор энэ ондоо баригдаж эхэлнэ гэвэл 2012 оны намар гэхэд ашиглалтанд орох бүрэн боломжтой. Хамгийн гол нь сүүлийн үеийн шинэ технологийн дагуу баригдах,бүрэн автоматжсан,нүүрс усны холимог түлшээр ажилладаг тул үйл ажиллагааны зардал болон өртгийн хувьд одоогийнхоос 10-20 хувийн хэмнэлттэй. Ингэснээр цахилгаан, дулааны үнэ тогтвортой байх нөхцөл бүрдэнэ.
-Хүчин чадлын хувьд ямар хэмжээний станц босох бол?
-Шинэ баригдах цахилгаан станц ньУлаанбаатар хотын цахилгаан, эрчим хүчний өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг бүрэн хангахуйц хүчин чадалтай байна. Энэ станцад хаягдал хаях талбай гэж байхгүй, ус бага ашиглах учраас зай талбайн хувьд ч бага. Шингэн түлшээр галлах учраас ямар ч утаа, тортог гарахгүй.Өнөөдөр нарны цахилгаан станц, усан цахилгаан станцыг байгаль орчинд ээлтэй, сэргээгдэх эрчим хүч гэж үздэг ч эдийн засгийн хувьд одоогоор өртөг нь өндөр байгаа. Одоогийн станцуудаа бүгдийг нь энэ технологи руу шилжүүлвэл Улаанбаатар хот утаагүй болох боломжтой.
-Танай компани нүүрсийг эцсийн шатанд боловсруулах үйлдвэр барих гэж байгаа гэж өмнө нь ярьсан. Энэ үйлдвэр баригдсанаар цахилгаан станц түлшгүйдэх зовлонгүй болох нь ээ?
-Тэгэлгүй яахав. Нэг ёсондоо нэг том үйлдвэр барина гэдэг түүнийг дагаад түүхий эд ханган нийлүүлэх үйлдвэрүүд дагаж босох нь ойлгомжтой. Энэ станц баригдсанаар нүүрсийг боловсруулаад шингэн түлш гаргаад түүгээрээ цахилгаан эрчим хүч гаргана гэсэн үг л дээ. Энэ нь манай улсын нүүрсний салбарт шинэ аж үйлдвэрийн салбар бий болж байгаагаараа Монгол улсад ихээхэн ач холбогдолтой.Тэгээд ч бид хэдийг болтол 1900 оноороо явах ёстой юм. Бидэнд зах зээл, хүн хүч, ашигт малтмал байна. Гадныхан хийж болоод байгаа юмыг бид нар яагаад хийж болохгүй гэж. Одоо л бид байгаа нөөц бололцоогоо ашиглах хэрэгтэй байна. Тиймээс Монгол улс дэлхийн зах зээл дээр юугаараа өрсөлдөх чадвартай байна түүгээрээ өрсөлдье. Бид дан ганц түүхий эд экспортлох бус байгаа түүхий эдээ боловсруулж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлож байж Монгол улс хөгжинө. Ер нь ганц уул уурхайн бүтээгдэхүүн гэхгүйгээр бүх чиглэлийн экспортыг дэмжсэн бодлого нь манай улсын номер нэг зорилт байх ёстой гэж би боддог.
-Уул уурхайн бизнес маш хүнд гэдэгтэй олон хүн санал нийлэх байх. Энэ салбарт төр засгийн зүгээс дэмжлэг үзүүлж байгаа зүйл юу байна?
-Одоохондоо дорвитой тусламж дэмжлэг үзүүлсэн зүйл харагдахгүй байна. Яахав төр засаг бас огт анхаарахгүй байгаа ч биш үйлдвэржилтийг дэмжих жил гэж зарлаж тодорхой хэмжээний ажил зохион байгуулж байна. Гэхдээ энэ нь манай уул уурхайн салбарт биш л дээ. Харин энэ жилийг бизнесийн шинэтгэлийн жил болгон зарлаж байгаад хувьдаа таатай хүлээж авч байгаа ба үүнийхээ хүрээнд үр дүнтэй тодорхой ажил хийх байх гэж бодож байна. Уул уурхайн салбар бол өөрөө маш их хөрөнгө мөнгө шаарддаг бас ихээхэн эрсдлийг дагуулдаг. Тиймээс ч манайд үйл ажиллагаа эрхэлж байгаа уул уурхайн ихэнх компаниуд ихэвчлэн гадны хөрөнгө оруулалттай. Төр засгийн зүгээс хөрөнгө мөнгөний туслалцаа гэхээсээ илүү хууль эрх зүйн орчин, мөнгөний зөв бодлого, татварын тогтвортой байдал, бизнес дэх төрийн оролцоог багасгах зэргээр ажиллах нь илүү үр дүнтэй.
-Би таныг банкинд ажиллаж байхад чинь уулзаж байсан. Ингэхэд Эрдэнэбулган гэдэг хүний ажлын туршлагын талаар сонирхож болно биз дээ?
-Би өөрийгөө их азтай хүн гэж боддог юм. Яагаад гэвэл өнгөрсөн хугацаанд улс төр, бизнесийн салбарт Монголын шилдэг хүмүүсийн удирдлаган дор хамт ажиллаж байлаа.Тухайлбал Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, ХАҮТ-ийн дарга С.Дэмбэрэл,”Анод” банкны Д.Энхтөр, MCS группын ерөнхийлөгч Ж.Оджаргал нарын хүмүүстэй хамтран ажиллаж, тэднээс маш олон зүйлийг суралцсан. Миний хувьд бизнесийн, олон нийтийн, төрийн байгууллагуудад ажиллаж байсан.Энэ хүмүүсийн удирдах арга барил, манлайлал, бизнес сэтгэлгээ гээд олон зүйлүүдээс суралцсандаа баяртай явдаг.
-Таныг нийгмийн сайн сайхны төлөө гар сунган ажилладаг хүмүүнлэгийн байгууллага болох Тамир ротари клубыг үүсгэн байгуулж, ажиллаж байгаа гэж сонссон?
-Өнгөрсөн онд “Туул” ротари клубын санаачлагаар “Тамир” ротари клуб байгуулагдаж анхны ерөнхийлөгчөөр нь би ажиллах болсон. Бид өнгөрсөн хугацаанд АНУ-ын Star Valley ротари клубтай хамтран нярайн эндэгдлийг бууруулах төслийг монголд хэрэгжүүлж эхэлсэн. Энэ шугамаар Улаанбаатар, Дархан, Эрдэнэтийн төрөх эмнэлэгүүдэд багаж, техник хэрэгсэлийг бэлэглэснээс гадна эмч, сувилагчдыг тодорхой шатны сургалтуудад хамруулахаар анхны яриа хэлэлцээрийг хийсэн. Манай Тамир ротари клубын хамгийн эхний зорилт бидний ирээдүй болсон хүүхдүүдийн эрүүл мэндийн төлөө байнга санаа сэтгэл тавин ажиллах бөгөөд цаашдаа эхийн эндэгдлийг бууруулах, нярай хүүхдийн эрүүл мэндийн асуудалд гол анхаарлаа хандуулан ажиллана. Үүнд ч сэтгэл зүрхээ зориулан ажиллах хүсэл зорилготой залуус энэ клубыг бүрдүүлж байгаад би баяртай явдаг.
-Бүтээн байгуулалт өрнүүлж байгаа бизнесмэн хүний хувьд Монгол улсын хөгжлийн талаар асуухгүй өнгөрч болохгүй байхаа?
-Монгол улс хэрэв зөв бодлого барьж ажиллах юм бол азид болон дэлхийд гайхагдсан эдийн засгийн өндөр өсөлттэй орон болох бүрэн боломжтой. Учир нь манай орон газарзүйн байршлын хувьд үсрэнгүй хөгжиж буй хоёр том зах зээлийн дунд оршдог, ашигт малтмалын арвин нөөцтэй, чадварлаг залуу боловсон хүчинтэй, ардчилсан засаглалтай орон. Энэ бол бидний гол давуу талууд юм. Хэдийгээр сүүлийн жилүүдэд гадны олон жилийн туршлагатай томоохон компаниуд хөрөнгө оруулалт оруулж байгаа ч Монголчууд тэднээс дутахгүй гэдгээ харуулж чадаж байгаа. Монголд маш сайн менежмент хийж чадаж байгаа MCS, Капитал групп, Женко, Петровис, Бодь групп гээд сайн компаниуд байна. Тиймээс ч гадны олон жилийн түүх, туршлагатай том компаниудтай өрсөлдөх хэмжээнд хүрэхийн тулд бид маш их ажиллах хэрэгтэй. Монгол улсын эдийн засгийн ач холбогдол бүхий томоохон ашигт малтмалын орд газруудыг яаралтай эдийн засгийн эргэлтэнд оруулах ажлыг энэ хамтарсан засгийн газар Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг баталсан жишгийн дагуу хурдан шийдэх хэрэгтэй гэж би бодож байна. Энэ мэтийн томоохон төслүүдийг цаг алдалгүй хэрэгжүүлж чадвал улс эх орны маань хөгжилд маш том үсрэлт болно гэдэгтэй санал нийлэх хүн олон байгаа байх аа.Үүнийг дагаад цахилгаан станцууд, төмөр зам гэх мэт төслүүдийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийх боломжтой. Үүнийг л төр засгаас дэмжээд өгвөл бидэнд хөгжих, урагшлах боломж бүрэн байна.
-Ойрын ирээдүйд ашигт малтмалын нөөц баялагтаа тулгуурлан Монгол улс ямар арга замаар хурдан хөгжих боломжтой гэж та үзэж байна вэ?
-Манай оронд бараг бүх төрлийн ашигт малтмалын нөөц байна. Нэгд, эдгээр ашигт малтмалын ордуудыг ашиглан ашигт малтмалаа түүхийгээр гадагшаа гарган богино хугацаанд гарааны мөнгө олох боломж бидэнд байна. Мөн дотооддоо боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлж урт хугацаанд өндөр ашигтай байх боломжтой хоёр дахь боломж байна. Жишээлбэл, коксжих нүүрсний ордуудад түшиглэн кокс химийн үйлдвэр барьж болно. Мөн нефьт боловсруулах үйлдвэр бариад дотоодын нефьт бүтээгдэхүүний хэрэгцээгээ хангах боломжтой. Монгол улс нүүрсний арвин нөөцтэй байж гадаадаас цахилгаан, эрчим хүч импортоор авдаг байж таарахгүй.
-Тэгэхээр таны бодлоор эрдэс баялагаа түүхийгээр зөөх биш, боловсруулах үйлдвэрүүд барьж байгуулах нь ашигтай гэж ойлгож болох уу?
-Бас яг ч тийм биш, хослуулах хэрэгтэй. Жишээ нь шинжлэх ухаан хурдацтай хөгжиж буй өнөө үед, шинэ технологи гарч ирснээр нүүрс 50 жилийн дараа үнэ цэнэгүй болох магадлалтай. Гэтэл бид нүүрсний маш их нөөцтэй болохоор нүүрсийг түүхийгээр экспортлох болон нүүрс боловсруулах болон нүүрснээс бусад бүтээгдэхүүн гаргах үйлдвэрлэл зэргийг хамтад нь хийх хэрэгтэй гэж бодож байна.
No comments:
Post a Comment