Та гоё үзэмжтэй, бөх чанартай байшинг тайван болон энх амгалан дүүрэгт саяхан худалдан авч, өөрийн аз жаргалдаа итгэж чадалгүй, шинэ байшиндаа зориулж шинэ гэр ахуйн бараа, засвар чимэглэл хийж, шинэ байрандаа гэр бүл, найз нөхдийгөө хүлээн авч байгаа гэж төсөөлдөө. Таны Америк мөрөөдөл үүгээр биеллээ шүү дээ!Мэдээжийн хэрэг та дөнгөж авсан байраа худалдахыг бодохгүй, түүнээс гадна өөрийн үр хүүхдээ, ач гуч нарыгаа ч мөн энд өсгөх төлөвлөгөөтэй байгаа байх. Гэвч цаг хугацаа өнгөрч, нэгэн нартай өдөр та амьдарч буй байраа шинэ эзэнтэй болсон гэдгийг мэдэж авч, түүнээс гадна та өөрөө өөрийн “Америк мөрөөдлөө” худалдсанаа мэдэж авсан гэж боддоо...
Шинэ төрлийн гэмт хэрэг Энэ удаа бидний ярих гэмт хэрэг бол “гэмт хэргийн” зах дээр саяхан бий болсон ч, луйварчидын дунд ихээхэн “моодонд” орж, FBI буюу Холбооны мөрдөх товчооны анхаарлыг татаж, House Stealing (House Theft) буюу “Байрны хулгай” гэж нэрлэгдсэн. Энэхүү white collar crime (“цагаан захтай/оффис ажилчдийн гэмт хэрэг”) нь Identity Theft буюу хувийн мэдээллийн хулгай болон Mortgage Fraud буюу зээлийн луйварыг тус тус агуулсан болно.
House Stealing бол “арай дэндсэн, хэрээс хэтэрсэн” Identity theft-ийн төрөл болсон бөгөөд удаан ажилласан, их “юм үзсэн” Холбооны мөрдөх товчооны ажилчдын хүртэл уур уцаарыг хүргэж байна. Яагаад гэвэл луйварчид нь хохирогчидоос хэтэвчинд нь байсан хэдэн зуун доллар биш, хэдэн жил, насаараа хуримтлуулж, банкны зээлийг төлж явж байсан хүмүүсийн хамгийн том хөрөнгийг луйвардаж байна шүү дээ. Уг гэмт хэрэг саяханаас буюу эдийн засгийн хямрал эхэлсэн үеэс дэлгэрсэн бөгөөд 2008 онд энэхүү гэмт хэрэг 2007 оныхоос 36 хувиар өсөж мөн 2009 оны 7 сард FBI-ийн гаргасан тайлангийн дагуу 64,000-д хүрчээ.
Уг луйварын хохирогчидын дунд санхүүгийн баталгаатай, эд хөрөнгөтэй хүмүүс ч, сарын төлбөрөө төлж чадахгүй, байраа банканд хураалгуулах гэж явж байгаа хүмүүс ч явж байна. Харин луйвардуулж байгаа байшин, орон сууцнууд бол хувийн ч, оффисын ч зориулалттай, энгийн болон тансаг мөн гадны хүнд түрээслүүлэх гэж авсан хоосон байрууд ажээ. Нэг юм тэмдэглэж хэлэхэд, house stealing луйвар нь “залуухан” ч, дотроо хэд хэдэн төрөлтэй юм.
Америк төрлийн довтолгоон
FBI-ийн ажилчдийн бодлоор house stealing луйвар дараахь хэд хэдэн төвшний найруулгаар бий болдог юм байна. Үүнд:
- Гэмт хэрэгтэн дараахь хохирогч буюу байшингаа “сонгох болно”.
- Луйварчин нь байшингийн эзэн/эзэдийн тухай хувийн мэдээллийг цуглуулж эхэлнэ. Ж: овог, нэр, SSN буюу нийгмийн даатгалын дугаар г.м. Харин дараан нь тухайн эзэний бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, яг ижилхэн иргэний мөн жолооны үнэмлэх, SSN карт хийнэ.
- Гэмт хэрэгтэн нь бичиг хэргийн дэлгүүр орж, үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх эсвэл үл хөдлөх хөрөнгөний өмчлөгчийн нэр солих гэсэн маягтуудыг худалдан авна.
- Луйварчин нь байшингийн эзэний гарын үсгийг хуурамчаар зурж, тухайн хотын эсвэл мужийн хариуцах албан байгууллагад хандана. Хариуцах газар нь эдгээр бичиг баримтыг “шаардлагатай” газар руу нь шилжүүлэн баталгаажүүлж авсаны дараа, уг байшин нь луйварчины эд хөрөнгө болно. Харин жинхэнэ эзэд үүний талаар юу ч мэдэлгүй байшиндаа амьдарсаар л байна.
Түүнчлэн хэрвээ хувийн байшин эсвэл худалдаа эрхлэх түрээсийн байрыг нь хэн ч хэрэглэхгүй, хоосон байлгаж байгаа бол, луйварчид нь тиймэрхүү байрыг дээр дурьдсан алхамуудаар өөрийнх болгож авсаны дараа зарж, мөнгөө өөртөө авдаг гэх жишээтэй.
Арай “хэрээс хэтэрсэн” явдалуудын тод жишээ бол гэмт хэрэгтэнгүүд байшинд нь хүн амьдарч байгаа бол, байрны зурагнуудыг гаднаас нь авч Интернэт дээр virtual tour үзүүлж, зардаг юм. Зарим худалдан авагчид биерээ ирж байрыг үзэх боломжгүй тохиолдолд зурагнуудыг нь үзээд таалагдвал Интернэтээр худалдан авдаг байна. Харин байрны жинхэнэ эзэд энэ талаар юу ч мэдэхгүй, сар тутам төлбөрөө төлж, байрандаа амьдарсаар байх болно.
“Халамжтай” ажилчид болон “хулхины” худалдан авагчид
Заримдаа house stealing луйвар арай ухаалаг маягаар, хүний санаанд оромгүй хүмүүс (Ж: үл хөдлөх хөрөнгөний бизнес эрхэлдэг мэргэжилтэн, брокер, хуулийн мэргэжилтэн, хуульч)-ийн оролцоотойгоор хийгддэг.
Тэдгээрийн гол “үйлчлүүлэгч” нь foreclosure буюу байшин саваа хураалгуулах гэж байгаа, айдаст авдатсан, сандарсан хүмүүс бөгөөд мэхэлхэд хамгийн дөт арга. Байраа алдахгүйн тулд мэргэжилтэнгүүдээс тусламж хайж байгаа эдгээр хүмүүсийг луйварчид өөрийн урхинд оруулж, туслалцаа үзүүлэх, зээлийг шинээр санхүүжүүлэх, банкуудтай ярьж тохиолцоход тус болно гэж амлаж, үл хөдлөх хөрөнгийг нь хулгайлдаг юм.
Иймэрхүү “дээд зэрэглэлийн” луйварчидад straw buyers буюу “хулхины” худалдан авагчид тусалдаг бөгөөд тэд өөрсдийн хувийн мэдэллийг луйварчидад өгч, оронд нь мөнгө авдаг. Бодит байдал дээр тэд “худалдаж авсан” байшин саванд амьдардаггүй бөгөөд тодорхой хэмжээний төлбөр хүлээн авсаны дараа тухайн байраа гэмт хэрэгтэнгүүдэд шилжүүлж, дахин худалддаг болно.
Нэгэн жишээ дурдахад түрүү жил FBI, IRS (АНУ-ын Татварын хэлтэс) хоёрын хамтын ажиллагааны дагуу Лос Анжелест 35 настай үл хөдлөх хөрөнгөний мэргэжилтэн, realtor Марта Родригес баригджээ. Энэ эмэгтэй 2 жилийн дотор өөрийн 100 гаруй үйлчлүүлэгчээс байшин хулгайлж, тэдгээрийг худалдсанаар 12 сая доллар олсон юм.
Ийм тохиолдолд юу хийх шаардлагатай вэ?
Энэхүү асуултан дээр FBI ажилтанууд дараахь арга хэмжээ авах хэрэгтэй гэж зөвлөж байна. Үүнд:
- Хэрвээ танд шуудангаар таньж мэдэхгүй зээлийн компаниас ямар нэгэн захиа, бичиг баримт ирсэн бол, захиагаа хаяхгүй, хадгалах хэрэгтэй. Таны нэр тавиагүй ч гэсэн, уг захиагаа сайтар уншиж танилцаад, тухайн компанитай холбоо барьж, энэхүү захиа/бичиг баримтыг ямар учиртайг олох хэрэгтэй.
- Дүүргийнхээ Recorder of Deeds Office (Өр, зээлийн мэдээллийн төв)-оос байнга байрныхаа тухай мэдэллийг шалгаж байгаарай. Хэрвээ ямар нэгэн мэдэхгүй, ойлгогдохгүй эсвэл танихгүй гарын үсэгтэй баримт гарч ирвэл, нэн даруй зээлийн компани эсвэл хотын/мужийн захиргаатай холбоо барьж лавлах хэрэгтэй.
- Хэрвээ таны байрыг хэн нэгэн хууль бусаар эзэмшиж байвал яаралтай FBI (http://www.fbi.gov/contact/fo/fo.htm цахим хуудас) эсвэл хотынхоо цагдаагийн хэлтэстэй хобоо барь.
- Саяхан Интернэт дээр нэгэн шинэ сайт мэндэлсэн бөгөөд үл хөдлөх хөрөнгөний эзэмшигчидэд бас нэгэн төрлийн тусламж үзүүлдэг юм. Энэхүү сайт нь байр, байшин, орон сууцны зарах-худалдаж авах бүх бичиг баримтуудыг шалгадаг бөгөөд ямар нэгэн хууль бус хөдөлгөөн, үйлдлийг олж авбал байрны эзэмшигчийг анхааруулдаг юм. Тодорхой: www.ePropertyWatch.com руу орж танилцана уу. Одоогоор энэхүү цахим хуудас нь зөвхөн том хотуудад үйлчилж байгаа бөгөөд ойрын ирээдүйд үйл ажиллагаагаа өргөжүүлнэ гэдэгт найдаж байна.
Source: www.lamongols.com
No comments:
Post a Comment